2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
2023.01.20

2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Төрийн байгуулалтын байнгын хороо нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсрууллаа гэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс 37, УИХ дахь АН-ын бүлгээс 31, Монгол Улсын Засгийн газраас 66, таван Байнгын хорооноос 21, нийтдээ 155 саналыг ирүүлжээ. УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримтлан нийт 56 төслийг тогтоолын төсөлд тусгасанаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр оруулжээ.