Хот байгуулалтын чиглэлээр ахисан түвшний хосолсон сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ
2023.01.16

Хот байгуулалтын чиглэлээр ахисан түвшний хосолсон сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка, Сөүлийн Үндэсний их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар таван сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерчлэлийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхжуулах төсөл”-ийг 2022-2027 онд хэрэгжүүлэх юм.

Төслийн гол зорилго нь, хот төлөвлөлтийн чиглэлээр, Монголын профессор багш нарыг чадавхжуулах, дээд боловсролын тогтвортой хөгжлийг хангах, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэх юм.
Мөн хот байгуулалтын чиглэлээр ахисан түвшний хосолсон сургалт эхлэх, магистр, докторын  хөтөлбөрийг нэвтрүүлнэ.
Үүний тулд ШУТИС-д шинээр танхим байгуулж, цахим сургалтын орчинг бий болгож эхлүүлэх юм байна

БСШУСБХ-ны дарга Г.Мөнхцэцэг “ Манай байнгын хорооны зүгээс боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэ инновац нэвтрүүлэх, судалгаа шинжилгээг өргөтгөх, чадварлаг мэргэжилтнээ бэлтгэх тогтолцоог сайжруулахад түлхүү анхаарч хууль эрх зүйн орчныг нь сайжруулахаар ажиллаж байна. ШУТИС-д хэрэгжүүлэх энэ төсөл хот байгуулалтын чадварлаг инженерүүдийг бэлтгэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа илүү үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд анхаарч ажиллана” гэдгийг илэрхийллээ.

Уулзалтад, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор, төслийн удирдагч Ким Жэ Ёнг, профессор Ли Ин Гын, Боловсрол, шинжлэх ухааны яамны газрын дарга Х.Тамир, БСШУСБХ-ны ахлах зөвлөх Г.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс оролцов.