“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн төслийн талаар санал солилцох уулзалт болов
2010.01.19

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн төслийн талаар санал солилцох уулзалт болов

Уулзалт ярилцлагад УИХ-ын гишүүд, гадаад орны элчин сайдын яамд, хандивлагч улс орон, Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид, Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдах ажилтнууд болон төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.           

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир уулзалт, ярилцлагыг нээж үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ, “бэлчээрийн мал аж ахуй нь монголчуудын үеийн үед уламжлагдан эрхэлж ирсэн салбар бөгөөд хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, үндэсний үйлдвэрүүдийг түүх эдээр хангадаг онцгой салбар юм. Мал аж ахуйн салбар өнөөгийн зах зээлийн шаардлагыг ханган хөгжиж чадахгүй байна. Мал сүрэг өсч байгаа хэдий ч малын төрөл хоорондын уламжлалт зохистой харьцаа өөрчлөгдсөнөөс ямаа нийт сүргийн бараг тав хувийг эзэлж байна.           

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр, засгаас бодлогын олон чухал баримт бичиг баталж гаргасан боловч түүний зарим хэрэгжилт өнөөгийн шаардлагын хэмжээнд төдийлөн хүрэхгүй, энэ чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд уялдаа, хяналт, нэгдсэн бодлого зохицуулалт  хангалтгүй, хөрөнгө санхүү хүрэлцээгүй зэргээс шалтгаалж үндэсний хэмжээнд бүрэн хэрэгжиж чадахгүй, үр дүн багатай, ихэнх нь хэрэгжиж дууссан байна.           

Дээрхи байдлыг бүхэлд нь авч үзвэл мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор малчдын байгалийн бэрхшээлийг даван туулахад бэлчээр, тэжээл, усан хангамж зэрэг мал аж ахуйн дэд бүтцийг цогцоор нь шийдэх, малыг эрүүлжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, малчид сайн дурын үндсэн дээр нэгдэж хөдөлмөрөө хорших, түүнчлэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд уг хөтөлбөрийн төслийн агуулга оршиж байгаа” гýëýý.            

Хөтөлбөрийн төсөл нь 9 бүлэгтэй, 5 тэргүүлэх чиглэлд хамаарах 17 зорилтын хүрээнд 87 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хөтөлбөрийг 2010-2021 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, иргэн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүдээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.