Хуулийн хэрэгжүүлэлтийг шалгалгалаа
2010.01.05

Хуулийн хэрэгжүүлэлтийг шалгалгалаа

-Хууль аль 6 сарын өмнө баталсан. Хэмждэг багажаа аваагүй, сурталчилгааны ажлаа ч зохион байгуулаагүй байна-

УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн өрөөнд хууль санаачлагч УИХ-ын гишүүдээс гадна хуулийг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй гааль, байгаль орчин, мэргэжлийн хяналт, стандартын газар болон үйлдвэрлэгчдийн төлөөлөл бүхий уулзалт болсон юм. 

МХЕГ-ын дэд дарга Д.Ганбат нимгэн хальсан уут хэрэглэдэг үйлдвэр, үйлчилгээ, зах, дэлгүүр зэрэг газарт шалгалт хийх гэж буйгаа дуулгаад, нэг хүндрэлтэй зүйл байгаа нь /“тэг мянганы хорин таван”/ 0,025 мм-ийн зузаантай хальсан уутны стандартыг хэмжих багаж алга байна гэлээ. Мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр ажлын удирдамж гаргаад орон нутагт хүргүүлнэ гэж тэрээр нэмж хэлсэн.

Харин энэ үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх, манай яамны зүгээс хяналт тавина, ялангуяа үйл ажиллагаан дээр. Энэ хуулийг аль зургадугаар сард баталсан. Гэтэл та бүхэн тэр хэмждэг багажаа аваагүй, сурталчилгааны ажлаа ч зохион байгуулаагүй байна гээд одооноос ажлаа эрчимжүүлэхийг анхааруулав.

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлсэн. Гэтэл та нөхөд одоо ийм зүйл хийнэ гээд сууж байх юм гэв.

Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав гишүүдийн асуултад хариулж, зарим мэдээлэл өглөө.

Түүний ярьснаар, 2008 оноос хойш манай улсад гялгар уутны хэрэглээ эрс өссөн гэнэ. Тонноор хэмжигдэх гялгар уут 2008 онд 12.5 тонныг хилээр оруулж ирсэн бол 2009 онд энэ тоо арай багассан үзүүлэлт гарчээ. Ширхэгээр тоологдох уут гэж байдаг бөгөөд 2008 онд 55.9 сая ширхэг уут манай хилээр оруулж ирсэн аж. Харин энэ тоо 2009 онд хоёр дахин багассан мэдээ байна. Хогны, хүнсний, ахуйн зориулалттай гэхчлэн гялгар уут бүр өөр өөрийн кодтой байдаг. Харин манай иргэд тэр болгон үүнийг мэдэхгүйгээсээ зориулалтыг нь буруу хэрэглэдэг зуршил байдгийг ГЕГ-ын дарга хэлж байлаа.

Тэрээр нийлэг, хальсан уутыг оруулахгүй байх шийдвэрийг бүх хилийн боомтод өгсөн. Харин яг ямар стандарт хэмжээний уутыг хилээр оруулахгүй вэ гэдэг хэмжүүр хараахан тодорхой бус байна гэдгийг хэлэхэд, хууль хэлэлцэх үеэр үүнийг маш тодорхой ярьж, судалгааны ажлуудын үндсэн дээр асуудлыг боловсруулсан болохыг УИХ-ын гишүүд хариу онцолж байв.

-Мэргэжлийн байгууллагууд хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй байна. Судалгааны үндсэн дээр л хуулийг гаргасан. 0,025 мм-ийн гээд стандарт байхад одоо юун дахин стандарт яриад байна вэ. Товчхондоо хүнсний бүтээгдэхүүнийг боож, ороогоод байгаа нимгэн хальсан уут шүү дээ. Төрийн байгууллагууд та бүхэн өөрсдөө хууль хэрэгжүүлэх тал дээр хамгийн илүү хяналттай баймаар юм хэмээн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир энэ үеэр хэлж байв.

Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал техник, зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэлийн тайлбарласнаар сав, баглаа, уутны 33 стандарт мөрдөж буйгаас 11 нь гялгар, хальсан нийлэг уутанд хамаардаг юм байна. Хүнсний зориулалтын 600 гаруй стандартаас яг энэ хуулийн дагуу бүх стандартад заалт тусгайлан оруулаад байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, нэгэнт ороод ирчихсэн уутанд бус, оруулж ирж амжаагүй байгаа хальсан уутанд хараа хяналтаа чиглүүлэх хэрэгтэй байна гээд холбогдох мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо тааруу байгааг шүүмжиллээ. Хүрээлэн байгаа орчин болон хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлдөг тул бусад гялгар уутыг ч хориглох нь зүйтэй гэдгийг тэрээр хэлсэн.

Үйлдвэрлэлийн төлөөлөл болох ОБ пластик үйлдвэрийн захирал Д.Хүдэрбат гялгар уутнаас илүү цаасан уут хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, гагцхүү үнийн асуудал зөрчилтэй байгааг хэлж байв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Л.Болдсайхан ч мөн адил саналтай үг хэлж, яг ийм хориглосон уутанд шууд савлачихсан гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн бас олон. Тэдгээрийг чухам яах вэ гэж асууж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Гансүх үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад гагцхүү чин сэтгэл дутагдаад байдаг. Бид хуулиар зохицуулалтыг хийж өгсөн. Харин хэрэгжүүлэхэд иргэд, хүмүүсийн сэтгэл оролцоо их чухал гээд “Эври дэй” сүлжээний үнэгүй цаасан уутыг жишээ болгож байлаа.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү, нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тал дээр УИХ их удаан хэлэлцэж ярьсан. 0,025 мм гэдэг чинь маш нимгэн, талх, гурил, будааг шууд боож савлаж байгаа хальсан уут шүү дээ. Ийм уут 100-400 жил байгаль дээр оршсоор байдаг. Түүнийг үхэр, мал идчихдэг, тэр малын махаар нь хүмүүс бид хооллодог. Тэгээд янз бүрийн өвчин эмгэгт өртөх нь элбэг болоод байгаа гэж хэлж байв.

Манай улсын хувьд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай аймагт гялгар уут хэрэглэхгүй байх хөдөлгөөн, санаачлага нэлээд өрнөж байгааг УИХ-ын дэд дарга сайшаан ярьж байсан. Ер нь дэлхий нийт тэр дундаа Европын улс орнууд гялгар уутны хэрэглээг аль болох багасгахаар тэмцэж байгаа аж.

-Хууль санаачилсан нь гялгар уутны хэрэглээг багасгах үе шаттай ажлуудын эхний арга хэмжээ юм. Эхлээд бид өргөн хэрэглээний хүнсний зүйлийг шууд боож, савладаг хамгийн хортой гэгддэг, нимгэн хальсан уутыг хэрэглээнд хориглоод байна. Цаашид авах арга хэмжээ бас бий хэмээн УИХ-ын дарга Г.Батхүү уулзалтын төгсгөлд тэмдэглэсэн.

Энэхүү уулзалт, ярилцлага шинэ он гарсаар УИХ-ын гишүүд санаачилсан хуулийнхаа араас санаа тавин “хөөцөлдсөн” анхных нь байснаараа онцлог болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.