Нийлэг уутны тухай хууль галбир хэлбэрээ олжээ
2009.06.04

Нийлэг уутны тухай хууль галбир хэлбэрээ олжээ

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаан дээр Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Байнгын хороо энэ хуулийн төсөл дээр нилээд сайн ажилласан нь харагдаж байлаа. Д.Дэмбэрэл дарга “энэ хууль галбир хэлбэрээ олоогүй байсан. Харин нэг одоо галбир хэлбэрээ олсон байгаа юм даа. Өмнө нь зүгээр л ганц заалт хийгээд ирсэн байсан. Батхүү дарга дутагдлаа зассан байна” хэмээн хууль санаачлагчид болон байнгын хороог магтаад авлаа.

Байнгын хорооноос “Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах” гэдэг хуулийн нэрийг “Зарим нийлэг, хальсан уутны хэрэглээ хориглох тухай” хэмээн өөрчлөх, мөн нийлэг материалын зузааныг 0.5 мм түүнээс бага зузаантай гэж байсныг 0.25 мм түүнээс бага зузаантай гэж өөрчлөх зэрэг санал орж ирсэнг гишүүд дэмжлээ. Мөн хуулийн төсөлд Хуулийн хэрэгжилтэд бүх шатны засаг дарга нар, мэргэжлийн хяналтын байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, иргэд тавихаар тусгажээ.

Нийлэг, хальсан уут гэдэгт юуг багтаах вэ гэхээр баглаа боодолд хэрэглэх зориулалттай, химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дахин боловсруулагдадгүй, удаан задардаг нийлэг, хальсан уутыг хэлэх юм байна. Энэ хууль батлагдсаны дараа энэ төрлийн нийлэг, хальсан уутны импортоор оруулж ирэхийг хориглох ажээ.

Байнгын хорооноос 8 санал дэмжигдэж орж ирснээс нэгийг нь УИХ дэмжсэнгүй. Энэ нь хууль зөрчсөн хувь хүнийг 1 сая хүртэл төгрөгөөр, харин ААНэгжийг 1 сая хүртэл төгрөгөөр торгоно гэсэн заалт байлаа.

Хариуцлага гэдэг бол хуулийг дагадаг хамгийн чухал асуудал учраас үүн дээр анхаарч байнгын хороон дээр сайн ярилцах хэрэгтэйг УИХ-ын дарга санууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.