“GPE” төслийн 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар гурван хөтөлбөр хэрэгжүүлнэ
2022.10.28

“GPE” төслийн 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар гурван хөтөлбөр хэрэгжүүлнэ

GPE буюу боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон манай улсад 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм.

Энэ санхүүжилтээр хэрэгжүүлэх “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл"-ийн нээлт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо. 2022-2025 онд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх энэ төслийн хүрээнд гурван үндсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

ТЭГШ ХАМРАН СУРГАХ БОЛОВСРОЛ

Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймгийн 18 сургуулийн 4693 багшийг чадавхжуулна. Энэ сургалтын үр дүнг хөгжлийн бэрхшээлтэй 742, бага болон дунд ангийн 130 мянган сурагч хүртэнэ гэж тооцож байна.

СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛ

Улаанбаатар хотын 15, орон нутгийн 30 сургуульд хэрэгжинэ. Энэ сургуулиудад суралцаж буй 6-14 насны 48 мянган хүүхэд уг төсөлд хамрагдах юм. Мөн зорилтот сургуулиудын 36 хоол тэжээлийн мэргэжилтэнг бэлтгэнэ.

ХОСОЛСОН СУРГАЛТ

Сүхбаатар, Хан-уул дүүрэг болон Увс, Ховд, Булган, Сүхбаатар, Дундговь аймгийн 50 сургуулийн 5 мянган сурагч, зорилтот сургуульд хүүхэд нь суралцдаг 500 эцэг эх, асран хамгаалагч, бага дунд сургуулийн мянга гаруй багш, 100 гаруй удирдах ажилтан төсөлд хамрагдана

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn