ШУТИС сүүлийн үеийн 5 шинэ лабораторитой боллоо
2022.10.27

ШУТИС сүүлийн үеийн 5 шинэ лабораторитой боллоо

“Инженер, технологийн дээд боловсрол” MJEED төслийн хүрээнд ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд 4.1 сая ам.долларын үнэ бүхий 73 нэр төрлийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч ашиглалтад орууллаа.

  • Үүний үр дүнд сургалт, судалгааны
  • CNC машины лаборатори
  • Механик боловсруулалтын лаборатори
  • Шинэ материал, дэвшилтэт технологийн лаборатори
  • Биомеханикийн лаборатори
  • Дэвшилтэт мехатроник, робот системийн урлан гэсэн 5 лаборатори шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Тус сургуульд хүлээлгэн өгч буй эдгээр багаж тоног төхөөрөмж нь үйлдвэрлэл, технологиор тэргүүлэгч улс орнуудад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Эдгээрийн 70 гаруй хувь нь тухайн сургуульд, цаашилбал манай улсад анх удаа орж ирж буй шинэ төрлийн багаж, тоног төхөөрөмж байна. Эдгээр шинэ лабораториос гадна, материалын эсэргүүцэл, техникийн хэмжил зүй, металл судлалын лабораториудын багаж тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдлээ.

Эдгээр шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр өндөр өртгөөр гадны улс оронд хийгддэг, Монголд хийх боломжгүй байсан туршилт, судалгааг ШУТИС дээр хийх боломжтой боллоо. Судалгаа шинжилгээ хийх шат дамжлага, цаг хугацаа зардал хэмнэгдэнэ. Оюутолгой компани Австрали улс руу захиалдаг байсан зарим тоног төхөөрөмжүүдээ энэ лабораторид захиалж эхлээд байна.

Мөн их сургуулийн судлаачдын хийж буй эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжиж, гарааны компани, инновацын бүтээгдэхүүн бий болох, олон улсын сэтгүүлд хэвлэгдэх эрдэм шинжилгээний өгүүллийн чанар сайжирна. Мөн эдгээр шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтнүүдийг тус төслийн зэргийн болон зэргийн бус сургалтын хүрээнд Япон Улсад суралцуулан бэлтгэж байна.

Тус төслийн хүрээнд ШУТИС-д хүлээлгэн өгч байгаа сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, туршлагатай техник технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсдаа бэлтгэхэд бодит хувь нэмэр болно гэдэгт хувьдаа дүүрэн итгэлтэй байна.