Засгийн газрын Бонд гаргах хүсэлтийг УИХ хэлэлцэхээр боллоо
2009.12.17

Засгийн газрын Бонд гаргах хүсэлтийг УИХ хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Сангийн сайд С.Баярцогтын танилцуулгыг сонсов. Банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, “Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдон гарах эрсдлээс сэргийлэх зорилгоор 100 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах зөвшөөрөл олгохыг хүсч, Засгийн газар ийм тогтоолын төсөл санаачилсан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүн Ж.Сүхбаатар: Засгийн газар бонд гаргаснаар төрд учрах хэдий хэрийн эрсдлээс гарч байгааг лавлахад Сангийн сайд “Монголбанкны гаргасан хэд хэдэн хувилбарыг нягталж үзээд 100 тэрбумын бонд гаргаж төрийн банк байгуулсан нөхцөлд төр алдагдалгүй ажиллах боломжтой гэсэн хувилбарыг нь сонгосон” гэлээ. Харин гишүүн Н.Ганбямба иргэдийн мөнгөн хадгаламж, харилцагчдын дансны үлдэгдэлд төр баталгаа гаргахаар шийдвэрлэснийг банкны удирдлагууд буруугаар ашиглаад байгаа юм биш үү, Н.Батбаяр банк дампуурснаас төрийг 100 тэрбумын алдагдалд хүргэж байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг Сангийн сайд, Монголбанкны удирдлагуудаас тодруулав. Гишүүн Ж.Энхбаяр “Зоос” банкинд төрийн хэдий хэрийн мөнгө байсныг тодруулахад Сангийн сайд “Төрийн мөнгө болох нийтдээ 60 гаруй тэрбум төгрөг байсан. Иймээс төрийн банк байгуулах замаар төр алдагдалгүй ажиллах шийдвэр гаргасан” гэлээ.

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Төсөв, Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхэд олонхи нь дэмжсэн байна. Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн 3.Энхболд дампуурсан банкинд мөнгө өгдөг явдлаа хэзээ зогсоох юм бэ, хууль хэрэгжүүлдэггүй Монголбанкны удирдлагуудыг огцруулах ёстой биш үү, бонд гаргахаас өөр зам алга уу, гишүүн Д.Ганхуяг төр баталгаа гаргаж байгаа хуулийг одоо өөрчлөх юм биш үү гэдгийг лавлахад байнгын хорооны дарга Ц.Баярсайхан “Улсад аль болохоор хохирол багатай хувилбарыг л сонгохыг зөвлөмж болгохыг анхаарсан. Тиймээс бонд гаргах саналыг дэмжсэн.

Иргэдийн хадгаламж, байгууллагын харилцах дансны үлдэгдэлд төр баталгаа гаргасан хууль үүргээ гүйцэтгэж байгаа. Харин баталгаа гаргах мөнгөний хэр хэмжээг тогтоож өгөх асуудал байж болох юм”” гэлээ.

Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл мөнгөн хадгаламжийн баталгааны тухай хуулийн тухайд нэмэлт зарим арга хэмжээ авч нарийвчлах асуудал байгаа бол Засгийн газар яаралтай оруулж ирэх, Эдийн засгийн байнгын хороо ч анхаарах хэрэгтэй, Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох тухайд УИХ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тайланг нь хэлэлцэж ажлыг нь дүгнэж цэгнээд асуудлыг авч үзэх чиглэлийг байнгын хороонд өгсөн гэдгээ тодотголоо.

Ингээд уг тогтоолын төслийг дэмжих, эс дэмжих талаар гишүүн Ц.Нямдорж, Н.Батбаяр, Р.Амаржаргал, Д.Арвин, Д.Балдан-Очир, Г.Баярсайхан нарын саналыг сонссоны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.2 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.