“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
/2012.12.07 ны өдөр/ Нэгдсэн чуулганаар: “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Тогтоолын төслийг хэлэлцэв
2012.12.09

“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааны талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна.Гадаад улс орнуудад шинээр суух Элчин сайд нарын асуудлыг чуулганы хуралдаанаар зөвшилцөн дэмжсэний дараа  “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцуулж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Д.Ганбат танилцуулсан.

Төсөлд тусгаснаар бол, арьс ширний үйлдвэрийг дэмжих ажлын хүрээнд 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон  байна.  Монголоос  малын  гаралтай түүхий эдийг Хятад руу хямд үнээр гаргах  бус боловсруулж,  илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болговол илүү үр ашигтай  хэмээн үзэж  байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарыг дэмжих бодлогоор  300 хүртэлх тэрбум төгрөгийн бонд гаргасан. Харин үр дүн нь ямар байгааг мэдэж байж, асуудлыг хэлэлцэх ёстой гэж байсан.

Су.Батболд гишүүн хууль санаачилагчаас тодорхой       3 асуулт асуув

Түүнчлэн Улаанбаатар хот дахь Харгиа цэвэрлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлж, Эмээлтэд аваачих талаар зарим гишүүний ярианд  хөндөгдсөн. Ингэхээр бол, нийслэлд байгаа арьс ширний үйлдвэрүүдэд Засгийн газраас  дэмжлэг үзүүлээд  үр дүн өгөх үү гэдэг дээр ч мөн яригдаж байв. Гол нь Бондтой хэр уялдаж буйг тодруулсан.

С.Бямбацогт гишүүн ноос ноолуурт өгсөн мөнгө хэр үр дүнтэй байсан бэ? гэж асуув

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хэлснээр бол, төв цэвэрлэх байгууламжийг хаана байгуулах талаар Ерөнхий сайдтай арьс ширний үйлдвэрийн төлөөлөл болон холбогдох бусад газрын удирдлага оролцсон уулзалт хийхээр болсон юм байна.  Тэгээд  асуудал тодорхой болох боломжтой аж. Төв цэвэрлэх байгууламжийг Эмээлтэд нүүлгэх үү, эсвэл Дархан-Уул, Орхон аймагт байгуулах уу гэдэг нь ч тодорно гэж байсан.  

Д.Оюунхорол гишүүн: Бонд гаргахыг дэмжиж байна. Малчидад чиглэсэн бодлого үнэхээр хэрэгтэй байгаа

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа  “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг  үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Манай улс өнгөрсөн арав гаруй жилийн турш  малын гаралтай түүхий эдийнхээ 90 гаруй хувийг түүхийгээр нь урд хөрш рүү экспортолжээ. Энэ байдал цаашид үргэлжилбэл мал аж ахуйн салбар хөгжихгүй, тэрнийг нь дагаад малчдын амьдрал ч сайжрахгүй. Түүнчлэн  жижиг,  дунд үйлдвэрлэл тэр дундаа арьс ширний үйлдвэрүүд нь гадаадын хавсарсан үйлдвэр болж үлдэх магадлалтайг гишүүд хэлж байв.  Тиймээс ч Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг  дэмжих хүрээнд дээр өгүүлсэн  хэмжээний бонд гаргахаар зорьсон юм байна.

Л.Энх-Амгалан: Ченжүүдийг хамаагүй нүд үзүүрлэж болохгүй. Тэдний цаана хэдэн мянган хүний амьдрал явж байгаа

С.Ганбаатар: Дарханд  арьс ширний цогцолбор үйлдвэр барих хэрэгтэй

Ц.Даваасүрэн гишүүн асуулт асуув

Чуулганы хуралдааны үеэр яригдсан Бондын хяналтын асуудлын тухайд Төсвийн байнгын хороо хариуцаж ажиллах ёстой тухай УИХ-ын дарга хэлж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей, энэ бол үнэхээр ач холбогдолтой тогтоол гарах гэж байна. Ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай эдийн засаг болгон өөрчлөхөд энэ тогтоол маш чухал. Малчин урамшуулал авч, үйлдвэр хөнгөлөлттэй зээл авна.

Гэхдээ хэрэгжүүлэх, зохион байгуулалтад анхаарах хэрэгтэй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр үндэснийх байх асуудал чухлаар тавигдаж байна. Жишээ нь Баян-Өлгий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг ноос угаах үйлдвэрийг оросын тал 100 хувь эзэмшдэг.

Түүнчлэн хэрэгжүүлэх арга механизмыг биржийн үйл ажиллагаатай уялдуулах хэрэгтэй. Арьс, ширэн түүхий эдийг боловсруулалтгүй, ямар ч ашиггүй гадаадад гаргаж байснаас боловсруулалт  хийж гаргах нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Эцэст нь Эдийн засгийн байнгын хорооны саналаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг  66,7 хувийн саналаар гишүүд дэмжлээ. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.