“Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аян эхэллээ
2022.09.07

“Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аян эхэллээ

Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан зуух, пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмжлэл алдагдсан зэргээс шалтгаалан угаарын хийн эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох нөхцөл үүсдэг.

Мөн гэр болон байшингийн дулаалга, битүүмжийг бүрэн хангаагүйгээс дулаан алдалт явагдаж, улмаар галлагаа ихсэж, гадна орчны агаарын бохирдол нэмэгдэх, нийгмийн эрүүл мэндийн өвчлөл бий болох нөхцөлийг бүрдүүлдэг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Экологийн Цагдаагийн Алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Таван толгой түлш ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төслөөс хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд "ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ" аяныг зохион байгуулж байна.

Тус аян улсын хэмжээнд 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм.

Аяны хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллана. Үүнд:

  • Гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч хий, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулах зорилгоор зуухны яндангийн хөө, тортгийг тогтмол цэвэрлэх, холбоотой сургалтыг иргэдийн дунд зохион байгуулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх;
  • Гадна орчны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэг болох тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарах агаар бохирдуулагч бодисын хэмжээг багасгах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын янданд утаа шүүлтүүр суурилуулах, шаардлага хангасан хөдөлгүүрийн тос, байгалийн гаралтай түлшний шаталт дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх талаар мэдээ мэдээлэл хүргэх;
  • Дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн зөв хөөлөх, иргэдэд зөв галлагааны талаар заавар зааварчилгааг өгөх, гэр байшингийн дулаалга, битүүмжлэлийг хангах талаар айл өрхүүдэд тараах гарын авлага зөвлөмжийг боловсруулж хэвлүүлэх, контент, теле-сургалт бэлтгэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол түгээх;
  • Судалгаа мэдээлэлд тулгуурлан, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж, нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдийн яндан ханан пийшинг хөөлөх, заавар зөвлөмж өгөх шуурхай албыг ажиллуулах;

Хавар, намрын улиралд гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасч яндангийн таталт муудан угаарын хийн эрсдэл үүсэх нөхцөл бүрддэг.

Иймд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагийн зөвлөмжийг хэрэгжүүлж:

  • Яндангаа хөөлөх
  • Гэр, байшингаа дулаалах
  • Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зайг солих
  • Яндангийн сойлтыг хаахгүй байх
  • Пийшин, зуухныхаа бүрэн байдлыг хангаж хайртай дотны хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс сэргийлээрэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан