Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Өмнөговь аймагт ажиллалаа
2022.10.24

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Өмнөговь аймагт ажиллалаа

Тэрээр энэ амралтын өдрүүдээр яамны холбогдох хүмүүсийн хамт Өмнөговь аймагт ажилласан юм.

Сайд, Гашуун сухайтын хилийн боомтын нөхцөл байдалтай танилцаж, алба хаагчидтай уулзлаа. Хилийн ногоон бүс дэх төрийн байгууллагуудын ажлын байдал, алба хаагчдын ажиллах нөхцлийн талаарх хүндрэл, асуудлуудыг сонслоо. Хэдий шууд харъяалах яам биш ч холбогдох салбарын яамдтай хамтран боомтын үйл ажиллагаа, нөхцлийг сайжруулахад анхаарч ажиллана.

Гол нь бид боомтын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж хөнгөвчилж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлж байж эргээд эдийн засгаа сэргээж, үр дүнд нь дээрх асуудлаа шийдэх санхүүгийн боломжоо бүрдүүлнэ. Энэ эргэх холбоог санаж бэрхшээлтэй байсан ч урагшлах л учиртай.

  • Хил дээрх нүүрс экспортын AGV жолоочгүй тээврийн ажиллагаатай танилцлаа. Ковидын нөхцөлд уялдуулан туршилтаар явагдаж байгаа энэ тээврээр өдөрт 120 чингэлэг хил гарч байна. Ковидын онцгой нөхцөл үргэлжлэх хугацаанд бол маш оновчтой тээвэрлэлт юм.
  • Цагаан хад дахь нүүрс буулгах, ачих талбайнуудтай танилцлаа. 34 талбайгаас 29 талбайд идэвхитэй ажил явагдаж байна. 

Газар дээр нь танилцаж санал солилцох нь шийдвэр гаргалтад чиг баримжаа, итгэл үнэмшил нэмэх зорилготой билээ.

Үргэлжлүүлээд Оюутолгойн уурхайд ажиллаж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын явц, горим болон баяжуулах үйлдвэртэй танилцсан юм.

Мөн ТАВАНТОЛГОЙН бүлэг ордод ажиллалаа.
Эрдэнэс тавантолгой ХК-ийн удирдлага, ажилтнуудтай уулзалт хийж, ил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

  • :МУ-ын эдийн засагт гол нөлөө бүхий уурхайн хувьд үр ашгийн хуваарилалтыг одоо болон ирээдүйд зөв чиглүүлэх, уурхайн ажиллагаа талаасаа зөв менежментээр ажиллаж уурхайн насжилтийг урт байлгахад анхаарах асуудлуудыг хөндөж ярилцав.
  • ЭТТ компанийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй танилцлаа: 955.8 тэрбум төгрөгийн төсөвтэй, 2024 оны 2-р улиралд багтаан эхний хэсгээ ашиглалтад оруулахаар эхлээд байгаа юм. Зэргэлдээ орших Энержи ресурс ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн давуу болон сул талуудад дүгнэлт хийж, үр ашигтай үйлдвэр бүтээн босгохоор тус хамт олон ажиллаж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор тавантолгойн ордын гол асуудал болох сорчлон олборлох асуудал цэгцэрч, үнэ цэнэ нэмэгдэнэ гэж итгэж байна.

Үргэлжлүүлэн, Энержи ресурс компанийн Ухаа худгийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем, дулааны цахилгаан станц гээд цогц бүтээн байгуулалттай танилцсанаар сайдын энэ удаагийн томилолт өндөрлөсөн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn