2022.10.24

Салбарын сайд Цогтцэций сум, Гашуунсухайт боомт болон Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай танилцав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар 2022.10.22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Гашуунсухайт боомт болон Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 560 тээврийн хэрэгсэл экспортод гарч байгаа бөгөөд цаашид Чингэлэг тээврийн терминалын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ачаатай 120, ачаагүй 600 тээврийн хэрэгслийн талбай байгуулахаар ажиллаж байгаа тухай "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.

Он гарсаар өнөөдрийг хүртэл Гашуунсухайт боомтоор нийт 12 сая тонн нүүрс экспортолжээ

МУ-ын эдийн засагт гол нөлөө бүхий уурхайн хувьд үр ашгийн хуваарилалтыг одоо болон ирээдүйд зөв чиглүүлэх, уурхайн ажиллагаа талаасаа зөв менежментээр ажиллаж уурхайн насжилтыг урт байлгахад анхаарах асуудлуудыг хөндөж ярилцав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ЭТТ компанийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй танилцав. Тус төсөл нь 955.8 тэрбум төгрөгийн төсөвтэй, 2024 оны 2-р улиралд багтаан эхний хэсгээ ашиглалтад оруулахаар эхлээд байгаа юм. Зэргэлдээ орших Энержи ресурс ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн давуу болон сул талуудад дүгнэлт хийж, үр ашигтай үйлдвэр бүтээн босгохоор тус хамт олон ажиллаж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор тавантолгойн ордын гол асуудал болох сорчлон олборлох асуудал цэгцэрч, үнэ цэнэ нэмэгдэнэ гэж итгэж байна.