2023.04.20

Э.Батшугар: Гадаадын бирж дээр IPO хийх нь ирээдүйн орлогоо үнэлээд үр шимийг хүртэх хамгийн зөв арга

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Газар доорх баялгийг Монгол Улсын бүх иргэд жигд хүртэх учиртай. Учир нь үүнийг хэн нэгэн бүтээгээгүй. Харин байгаль Монголчуудад заяасан юм. Баялгийг хамгийн зөв хүртээх механизм нь баялгийн сан байгуулж, түүгээр дамжуулан ирээдүй хойч үедээ өвлүүлэх. Эхний ээлжинд үхмэл байгаа 1072 хувьцааг амилуулах шаардлагатай байна.

2022 онд Монгол Улс 32 тонн нүүрс экспортод гаргасан. "Эрдэнэс Тавантолгойн" орд нь ойролцоогоор 6 тэрбум тонн нөөцтэй хэмээгддэг. Тал хувийг нь олборлоход бидэнд 100 жил хэрэгтэй байна. Түүнээс наана Дэлхий дахинд ойрын ирээдүйд нүүрс хэрэгцээнээс гарна гэх судалгаа мэдээллийг та бүхэн мэдэж байгаа. Ирээдүйн орлогоо үнэлээд түүнийхээ үр шимийг хүртэх хамгийн зөв арга нь гадаадын бирж дээр IPO хийх. Үүн дээр Олон улсын жишиг зарчмын хүрээнд та бүхэнд хийсэн судалгаа бий юу?

Эрдэнэс Тавантолгой цахилгаан станцыг ямар байдлаар санхүүжүүлэх төлөвлөгөө байна вэ?

Биржээр арилжиж буй нь маш зөв. Үүний хүчинд Монгол Улсын төлбөрийн тэнцэл арав гаран жилийн дараа анх удаа эерэг гарсан. Мөн үүний дүнд төгрөгийн ханш чангарч, долларын ханш буурч байна. Энэ жилд нийт олборлолтынхоо хэдэн хувийг биржээр арилжих төлөвлөгөө байна вэ?

Түүний асуултад, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хариулт өглөө.