2025.01.31

Б.Энхбаяр: Нүүрсний хулгайтай Засгийн газар эвлэрч, нүүрсчдийн гарт бүрэн эзлэгдсэн гэж ойлгож байна

Нүүрсний гэх хэргийн асуудал хөндөгдөх төдийд хэнээс ч үл айж, хамгийн эхэнд дуугарч, алдаа дутагдлыг хурцаар шүүмжилдэг хүн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр.

Ийн хэлсний учир Тэрбээр 2023 оны арванхоёрдугаар сард "Нүүрсний" гэх тодотголтой хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2 үе шаттайгаар 9 өдөр зохион байгуулсан туршлага зузаан, мэдлэг арвин улстөрч.

Уг сонсголын үр дүнтэй холбогдуулан УИХ-аас 2024 оны 1 сарын 14-нд 09 дүгээр тогтоол гаргасан бөгөөд үүний хэрэгжилтийн талаар заалт бүрээр Б.Энхбаяр гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд оны сүүлчээр асуулга тавьсан. Энэхүү асуулгын хариуг 64 хуудас бүхий албан бичгээр ирүүлсэн байна. Гэвч хэрэгжилт байхгүй гэдгийг тэрбээр ихэд шүүмжилсэн.

Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс Тавантолгой 9 удаагийн оффтейк гэрээ байгуулсан байна. 

Тодруулбал, тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компани нүүрс баяжуулах үйлдвэр барина гэх халхавчаар 400 их наядын нүүрсний нөөцтэй Бортээгийн нүүрс борлуулах, худалдан авах монопол эрхийг Адмирал компанид давуу байдал үүсгэж олгосон нь хууль зөрчсөн. Үүнийг хүчингүй болгохыг Засгийн газарт даалгасан ч бүтэн жил болоход тогтоолын хэрэгжилтийг хангаагүй гэдгээ бичгээр ирүүлсэн. Тэгэхээр нүүрсний хулгайтай холбоотой асуудалд Засгийн газар эвлэрч, нүүрсчдийн гарт бүрэн эзлэгдсэн гэж ойлгож байна. Нүүрсчидтэй тэмцэх улс төрийн легитим байдал энэ Засгийн газарт байгаа юу” хэмээн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хурал дээр ширүүхэн хэлсэн юм. 

Тус хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэлэлцсэн юм. 

Нүүрс худалдан авах энэхүү хэлэлцээрт Тавантолгойн бүлэг ордын яг ямар уурхайгаас нүүрс олборлож борлуулах талаар заалт оруулаагүй байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэн үг олны анхаарлыг ихэд татаж буй.

"Эрдэнэс Тавантолгойтой холбоотой хамгийн том оффтек гэрээ хийсэн А.Амундра Засгийн газрын Пиар хийгээд сууж байна"

Тэрбээр “УИХ-ын гишүүд Монгол Улсаа хөгжүүлж, төмөр замтай болж, нүүрсээ заръя гэдгийг дэмжиж байгаа. Засгийн газар үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээсэй. Пиар нь хэтрээд байна. УИХ-д нүүрсчдийн мафи байгаад, тэр нь гацаагаад байгаа гэх. Тухайлбал, Ц.Туваан сайд алдагдсан боломжийн талаар ярьсан. Ер нь хэн хохироосон бэ. Эзэн биетэй зүйл ярь. УИХ-д оруулж ирсэн төсөл, хэлэлцээрийн талаар юм асуухаар мафийн бүлэглэлийн гар хөл болгодог.

Жишээлбэл, Засгийн газраас “Чайна Энержи”-гийн гэрээтэй холбоотой захиалгат нэвтрүүлэг хийж, бүх телевизээр цацсан. Нэвтрүүлгийг хөтөлж байгаа хүн нь А.Амундра.

А.Амундра бол өнгөрсөн онд болсон нүүрсний гэх хэргийн сонсголд гэрчээр дуудагдаж байсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой хамгийн том оффтейк гэрээг хийсэн компанийн захирал. Ийм хүн Засгийн газрын пиарыг хийж байна. Тийм учраас би итгэхгүй байна гэдгээ дахин дахин хэлж байгаа.

Одоо хүртэл Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудыг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж хараад байгаа. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр хуруу байтугай хумсаа ч хөдөлгөөгүй. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс дандаа албан тушаал ахиж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа.

Тэр үнийн асуудлыг энэ хэлэлцээрт яагаад оруулж ирэхгүй байна. Хил дээр 100 ам.доллар гарчихаад байгаа нүүрсийг яагаад 60 ам.доллараар гэрээ хийгээд байгаа юм бэ гэдгийг Эрдэнэс Тавантолгой компанийн бүх түвшний удирдлагаас асуугаад надад хариу өгөөгүй.

Одоо яг тэр аргачлалаар үнэ тогтоох гээд байна” хэмээн асуудал хөндөж асуулт асуусан. 

Түүнчлэн хэлэлцээрийн 3 дахь заалтад хоёр талын өмнө нь байгуулж байсан нүүрс худалдан авах гэрээний жишгийг харгалзан үнийг тогтоох гэж оруулжээ. Гэвч Эрдэнэс Тавантолгой компани нүүрсний үнийг ямар аргачлалаар хэрхэн тогтоодог вэ гэдгийг Б.Энхбаяр гишүүн сонсгол дээр асуугаад ч мэдэж чадаагүйг онцлох хэрэгтэй. 

Засгийн газрын ногоон гэрлээр оруулж ирдэг төсөл, хөтөлбөрийн мөн чанарыг ил цагаан шүүмжилж, хариуцлага нэхдэг УИХ-ын гишүүн ховор. Эхлүүлсэн ажлынхаа эцсийн үзэхийг зорьдог төрийн түшээ байгаад талархах нь зүйн хэрэг. Түүний хэлсэн эдгээр санал, шүүмжлэлийг хүлээн авч, хэлэлцээрийг засаж сайжруулах нь чухал юм. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn