2022.01.14

Н.Ганибал: МҮОНРТ-ийг хурдан шуурхай болгоход анхаарч ажиллана гэдэгт найдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар  Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

 Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Д.Жавзандорж багшийг бид бүхэн Монгол багш гэж дууддаг. Ардын хувьсгалаас хойш Лхаарамба цол авсан анхны монгол, буддын гүн ухааны чиглэлээр доктор зэрэг хамгаалсан хүн байгаа. Өөрөө ч гэсэн  өнөөдрийн шарын шашны харагдаж байгаа өнцөг, явагдаж байгаа зам мөрийг засах юмсан гэсэн хичээл лекцүүдийг залуус, шашны хүмүүст зориулж гэгээрүүлэх үйлст зүтгэж явдаг. МҮОНРТ-д очиж энэ асуудлууд дээрээ анхааран ажиллана гэж бодож байна.

МҮОНРТ-ийн зөвлөлийн гишүүн гэдэг яг бидний, та 2-ын бодож байгаа шиг гэгээн, ариун газар биш юм шиг байна лээ. Социализмын үеэс үлдсэн том обьект байгаа, тэр обьект 1000 орчим албан хаагчтай, байнгын маргалдаан, тэмцэл, дарга руугаа дайрсан, өөрсдийнхөө нэвтрүүлгүүдийг лоббидох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн ширүүн тулаантай газар юмуу даа гэж ойлгогддог.

Үндэсний зөвлөлөөр программаа батлуулах гэж, хийсэн нэвтрүүлгээ оруулах гэж, тэрийгээ гаргах гэж нэлээн асуудал болдог юм шиг байна лээ.

Тэр том удирдах бүтэцтэй байгууллагыг хурдан шуурхай болгох, өөрсдийнхөө хийх гэж байгаа ажлуудыг ажил хэрэгч болгоход анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.

МҮОНРТ бол монголын иргэн бүр мөнгө төлдөг, монголын  нийгмийн бүх асуудлыг засч залруулж явах ёстой телевиз арай л биш болж байгаа.

Ялангуяа мэдээнүүд байна. Нэг талын байр суурийг хэт илэрхийлдэг, олон талаас нь харуулж чаддаггүй, түүн дээрээ маш том цензурьтэй гэсэн асуудлууд байгаа.

Тэгэхээр Монгол багшдаа амжилт хүсье. Буддын гүн ухаан, бидний сошиал ертөнц, мэдээллийг маш олон талаас хүлээн авч байгаа энэ цаг хугацаанд Үндэсний телевизээр мэдээллийг зөв болгож, соён гэгээрүүлэх ажиллагаанд нь тус дэм болоорой гэж хүсье.

Н.Онон нэр дэвшигчийн хувьд монголын хүн бүр таньдаг жүжигчин хүн. Өөрийн бодсон зүйл байгаа байх. Хоёр нэр дэвшигчдээ амжилт хүсье.