2022.09.13
Шведийн ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагаагаа сэргээхээ илэрхийлэв
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат Шведийн Багш нарын холбооны гишүүд болох Катарина Валлгрен, Мария Линдгрен, Рита Зиеглер, Н.Номун-Эрдэнэ нарыг Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-тэй танилцах, туршлага солилцох үеэр нь хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шведийн Багш нарын холбооны гишүүн Катарина Валлгрен боловсролын салбарт хоёр том багш нарын ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг нь 125000, нөгөө нь 95000 гишүүнтэй хэмээн танилцууллаа.
Мөн удахгүй энэхүү хоёр том ҮЭ нэгдэх шийдвэр гарсан тул нэгдсэн том холбоо болон зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулахаар болсон бөгөөд тухайн оронд ҮЭ-үүд нь гишүүдийнхээ даатгалын асуудлыг бүрэн хариуцан ажилладаг тухай сонирхуулсан юм. Мөн тэд салбар, орон нутгийн төлөөлөл болон айлчилж байгаагийн хувьд энэ түвшинд хамтын ажиллагаа тогтооход нээлттэй гэдгээ илэрхийлэв.