Нийгмийн түншлэлийг шинэ түвшинд хөгжүүлэхэд хамтран ажиллана
2022.09.07

Нийгмийн түншлэлийг шинэ түвшинд хөгжүүлэхэд хамтран ажиллана

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат холбооны талаар товч танилцуулга хийж, МҮЭ-ийн холбоо Хөгжлийн хөтөлбөртөө ямар зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн тэрээр МҮЭ-ийн холбооноос сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажил болон ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнгийн талаар ярьсан юм.

Үргэлжлүүлэн ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли хэлэхдээ: Миний бие Монгол улсад айлчлаагүй 10 жил болсон ч МҮЭ-ийн холбооны үе үеийн удирдлагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай билээ. Энэ удаа МҮЭ- ийн холбооны залуу удирдлагын багтай хамтран ажиллаж байгаад талархалтай байна. МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөр, Монгол улсын нийгэм эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, хууль эрх зүйн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээлийн талаарх мэдээллийг танилцуулсанд таатай байна гэв.

Уулзалтын төгсгөлд ОУХБ-ын зүгээс дээрх тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, Нийгмийн түншлэлийг эрчимжүүлж, Нийгмийн шинэ гэрээг үзэглэх зайлшгүй шаардлагатай байгаад санал нэгдсэн юм.