УИХ-ын гишүүн С.Чинзориг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Халид Шарифигтай уулзлаа
Энэ эрхэм Монгол Улсад томилогдож ирээд зургаан сар л болж буй ч хэдийнэ найман аймагт ажиллаад амжсан төдийгүй манай орны нөхцөл байдлын талаар тун сайн мэдээлэлтэй нэгэн байв. Тэрбээр НҮБ-ын Улс орныг дэмжих 7 дахь буюу 2023-2027 онд хэрэгжих таван жилийн хөтөлбөрийг боловсруулж буй чухал цаг үед хүн амын бодлого, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг хоёр ч удаа удирдаж ажилласны минь хувьд биечлэн уулзаж санал солилцох хүсэлтийг тавьсан юм.
Манай улс НҮБ болон түүний системийн байгууллагуудтай олон талын нягт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн уламжлалтай. Миний хувьд Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажиллахдаа НҮБ, тэр дундаа Хүн амын сантай хамтын ажиллагааг өргөн хүрээнд явуулж ирсэн. Хөдөлмөрийн сайдаар ажиллах үедээ Залуучуудын хөгжлийн төвүүдийг орон нутагт байгуулах, тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэнд баяртай байдаг.
ХАС-гийн дэмжлэгтэй хэрэгжсэн Залуучуудын хөгжил оролцоог дэмжих төсөл хөтөлбөрүүд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх, материаллаг баазыг сайжруулахад үр дүнгээ өгч буй бөгөөд төслийг үргэлжлүүлэх зайлшгүй хэрэгцээ байгааг суурин төлөөлөгчид дуулгалаа. 2017 онд УИХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг баталснаар Монгол Улс Ази тивдээ залуучуудын бие даасан хуультай анхны орон болсон. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байгаа учраас ХАС-тай хамтран хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгмийн амьдралд залуучуудын оролцоог идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн ХАС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь төслийн хүрээнд хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах түр байруудтай болж, тэдэнд үзүүлэх үйлчилгээнд чанарын ахиц гарч байгаа ч цаашид гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлж байгаа үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртөгсдийн сэтгэл санааны хохирлыг тодорхойлох, илааршуулах талын үйлчилгээ үзүүлдэг байх, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтнуудыг бэлтгэх мэргэшүүлэх шаардлага байгаа юм.
Түүнчлэн батлагдсанаасаа хойш 30 гаруй жил болж буй Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж гэр бүлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гэр бүлд төрөөс үзүүлэх цоо шинэ үйлчилгээнүүдийг бий болгох, гэр бүлд зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг бэлтгэх, гэр бүлд эцэг эхийн үүрэг оролцоо, хариуцлагын тогтолцоог нарийвчлан хуульчилж, гэр бүл салалтаас хүүхэд хохирохгүй байх зохицуулалт бүхий хуулийн шинэчлэлд техникийн туслалцаа үзүүлэх боломжийн талаар ярилцлаа. Бидний санал солилцсон асуудлууд НҮБ-ын ирэх таван жилийн хөтөлбөртэй уялдаатай байх болно гэдгийг ноён Халид Шарифи онцолж байсан.
Уулзалтын үеэр НҮБ-ын ХАС-д хүсэлт тавьснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хужирт, Хархорин суманд өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, амьдрах ухааны боловсрол олгох “Амьдрах ухааны төв”-үүд үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байгаад талархал илэрхийллээ. Монгол Улсад 100 мянгаас дээш хүн амтай таван аймгийн нэг нь Өвөрхангайд ХАС-гаас хэрэгжүүлж байгаа залуучууд, хүүхдүүдийн хөгжил оролцоог дэмжих, амьдрах ухааны боловсрол олгох төслүүдийг үргэлжлүүлж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, хөдөөгийн залууст хүрч үйлчлэх тал дээр анхаарч хамтран ажиллах тухай ч ярилцсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn