Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" ашиглалтад орно
2022.09.05

Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хоорондын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн хэлэлцээрт Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт загвар бүхий "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв"-ийг барихаар тусгасан.

Харин 2021 оны 6-сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар тус төвийг байгуулах тогтоол гаргаж, дүрмийг баталсан юм.

Дархан-Уул аймагт сүндэрлэх тус барилгын ажил өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай явж байна. Азийн хөгжлийн банкны 3,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэ барилга бүрэн автомат тоноглолтой. Нэг ч шатгүйгээрээ онцлогтой юм. Уг төв ашиглалтад орсноор 35-40 ажлын байр шинээр бий болно.

Аймгийн хэмжээнд 3500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдардаг.
Мөн тэдний хөгжих эрхийг баталгаажуулах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сэргээн засах, хэл засал, хөдөлгөөн засал зэрэг үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

Барилгын гүйцэтгэгчээр Г.Баттөмөр захиралтай “Боршоон Ундраа” ХХК ажиллаж байгаа аж. Тэд Дархан-Уул аймгийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.