УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдад асуулга тавилаа
2022.08.03

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Дархан арьс ширний цогцолбор"-ын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлж, асуулга тавилаа.

"Дархан арьс ширний цогцолбор"-ыг барих төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. 2019 онд төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын 24 тэрбум төгрөгөөр цэвэр ус, бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, дамжуулах дэд станц, дулааны шугам хоолой татах зэрэг дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Эл төслийг хэрэгжүүлэх аж ахуй нэгж нь арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг өөрийн хөрөнгөөр барьж 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй, зогсонги байдалтай байгаа юм.
Энэ асуудлаар тэрээр Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувиар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавилаа. Уг асуулгын хариуг Улсын Их Хурлын 2022 оны Намрын ээлжит чуулганы эхэнд сонсож, хэлэлцэнэ.