Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Эдийн засгийн байнгын хорооны харьяа зургаан төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, дөрвөн байгууллагад “зөрчилгүй”, хоёр байгууллагад “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэдгийг танилцуулгын эхэнд дурдлаа.
Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 10 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагад дүгнэлт гаргаж, 5 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 3 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 2.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.2 тэрбум төгрөгийн 5 нягтлан бодох бүртгэлийн алдааг залруулж, 200 сая төгрөгийн зөрчилд 2 төлбөрийн акт, 1.4 тэрбум төгрөгийн зөрчилд 20 албан шаардлага, 400 сая төгрөгийн зөрчилд 8 зөвлөмж өгсөн байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 7.4 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 46 байгууллагад дүгнэлт гаргаж, 7 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, 3 байгууллага аудит хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан байгууллагаас 37 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан. Аудитаар нийт 333.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 324.6 тэрбум төгрөгийн 66 алдааг залруулж, 0.7 тэрбум төгрөгийн 28 зөрчилд төлбөрийн акт, 3.5 тэрбум төгрөгийн 63 зөрчилд албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн 6 зөрчилд хариуцлага тооцуулах санал, 2.4 тэрбум төгрөгийн 92 зөрчилд зөвлөмж өгсөн байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 121.4 тэрбум төгрөгөөр буурчээ.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 100 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж, аудитын явцад залруулсан байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 60 сая төгрөгөөр өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 23 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 17 байгууллагад дүгнэлт гаргаж, 6 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 17 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 100 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.07 тэрбум төгрөгийн 17 алдааг залруулж, 0.4 сая төгрөгийн сая төгрөгийн нэг зөрчилд төлбөрийн акт, 0.02 тэрбум төгрөгийн зөрчилд 5 албан шаардлага, 0.06 тэрбум төгрөгийн зөрчилд 20 зөвлөмж өгчээ. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 0.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 25 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс, 22 байгууллагад дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 14 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна. Аудитаар нийт 1,392.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 106.3 тэрбум төгрөгийн 41 алдааг залруулж, 4.8 тэрбум төгрөгийн зөрчилд 17 төлбөрийн акт, 304.8 тэрбум төгрөгийн 60 зөрчилд албан шаардлага, 976.5 тэрбум төгрөгийн зөрчилд 61 зөвлөмж өгчээ. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 983.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 31 байгууллагад дүгнэлт гаргаж, 1 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, шинээр байгуулагдсан 1 төслийн санхүүгийн тайланг аудитад хамруулаагүй байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 26 байгууллагад “Зөрчилгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 152.3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 119.2 тэрбум төгрөгийн 83 алдааг аудитын явцад залруулж, 0.4 тэрбум төгрөгийн 36 зөрчилд төлбөрийн акт, 6.6 тэрбум төгрөгийн 48 зөрчилд албан шаардлага, 25.0 тэрбум төгрөгийн зөрчилд 90 зөвлөмж, 1.0 тэрбум төгрөгийн 5 зөрчилд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 5.0 тэрбум төгрөгөөр буурчээ.
Тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлыг дурдсан байлаа. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулах, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байгаа төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх болон аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллах шаардлагатай гэжээ.
Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, С.Чинзориг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Ингээд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn