Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулсан тайланг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.07.04/ хуралдаан 14 цаг 00 минутад гишүүдийн 68,4 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн тухай хуулийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 232 тайлан нэгтгэгдсэнээс 119 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 113 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд аудитад хамрагдсан байгууллагуудаас 99 байгууллагад “Зөрчилгүй”, 18 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Дүгнэлт өгөхөөс татгалзсан” дүгнэлт өгсөн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдав.
Мөн тэрбээр, тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхий захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид Сангийн сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэгдэж буй төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах талаар төсвийн ерөнхийлөн захирагчдад чиглэл өгч, бүртгэл, санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулах, арга зүйгээр хангаж ажиллах, гадаад зээлийн хөрөнгийг хөгжлийн бодлого, түүний зорилттой уялдуулан эдийн засаг нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, зөвхөн хуулийн шаардлага хангасан төслийг санхүүжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулахад анхаарах шаардлагатай гэж байлаа.
Түүнчлэн худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллахад анхаарах шаардлагатай гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, “Дүгнэлт өгөхөөс татгалзсан” байгууллагын зөрчил, хариуцлагын талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, төсвийн хариуцлага сул байхад томоохон санхүүжих дүнтэй төсөл арга хэмжээнүүдэд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, цаашлаад 2023 онд санхүү, эдийн засаг хүндрэх төсөөлөлтэй байхад үүнийг давах туулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Сангийн яамнаас ямар зохицуулалт хийж, арга хэмжээ авах талаар лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэхэд 660 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүнээс 2021 онд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК хэдэн төгрөг төлснийг тодруулахын зэрэгцээ “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингис хаан банк”-тай холбоотой мөнгөний асуудалд төрийн адитын байгууллага ямар дүгнэлт хийсэн талаар тодруулав. Түүнчлэн “Таван толгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хэдэн төгрөг зарцуулсан, нөхцөл байдал ямар байгаа талаар хөндөж байлаа.
Ингээд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтсон.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулсан тайлан хэлэлцлээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулсан тайланг хэлэлцлээ.
Тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоолын 4-т “улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах;” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хамтарсан тушаалаар Барилга байгууламжийн 2021 оны үнийн индексийн тооцооллыг хянаж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажилласныг онцлоод Ажлын хэсэг Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Барилгын өртгийн индекс”, Барилга, хот байгуулалтын яамнаас тооцож, баталсан “Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс”-ийг тус тус харьцуулан судалж, барилга байгууламжийн төсөвт өртөгт өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийг гаргасан гэв.
Үүнд, “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 217 дугаар тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан бөгөөд барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн тул ажиллах хүчний зардал 2.3 дахин өссөн, гадаад зах зээл дэх материал, түүхий эдийн үнийн өсөлт, хилийн боомтын хорио, цээрийн үеийн нэвтрүүлэлт, түүхий эдийн татан авалтын саатал, гадаад ажилчдын татан авалт, ханшны өөрчлөлт, тээвэрлэлт, дотоодын халдвар хамгаалалтын дэглэмийн түвшнээс хамаарсан хөл хорио зэрэг болно.
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.10,-т тус тус заасны дагуу “Барилга байгууламжийн үнийн индекс тооцох дүрэм”-ийг Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 114 дүгээр тушаалаар баталсан. Энэ дүрэмд заасны дагуу барилга байгууламжийн үнийн индексийг тодорхойлохдоо төсвийн норм, нормативын баримт бичгийн өөрчлөлт /цалингийн тариф, хөдөлмөр зарцуулалт, материалын үнэ/-ийг тооцсон бөгөөд харин тээврийн үнэ, тариф /Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан тушаал өөрчлөгдөөгүй/-ийг 2020 онтой харьцуулахад 1.00 гэсэн индексээр тооцож, ерөнхий индекс нь “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ”-тэй харьцуулахад 1.79 хувь, тайлант оны мөн үеийн /2020 он/ үнэ, тарифтай харьцуулахад 1.49 хувь байна.
Иймд “Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс”-ийг “төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, төсөл хөтөлбөрийн тооцоо, судалгаа хийх, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тогтоох” зэрэгт хэрэглэхээр тусгасан бөгөөд харин магадлал хийх үйл ажиллагаанд хэрэглэхгүй байхаар Сангийн яамтай урьдчилсан байдлаар тохиролцож, уг индексийг Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 74 дүгээр тушаалаар баталж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд танилцуулгадаа дурдлаа.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоолын 5-д “улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, саналаа 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Улсын Их Хуралд танилцуулах;” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тушаалаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын санхүү, төсвийн асуудал эрхэлсэн нэгжийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг төсвийн ерөнхийлөн захирагч нар /16 яам, бусад 8 төсвийн ерөнхийлөн захирагч/-аас 1153 төсөл, арга хэмжээний санал хүлээн авч, улсын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл, арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалсан 31 төсөл, арга хэмжээг хасч, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1122 төсөл, арга хэмжээний жагсаалтыг эцэслэн баталсан гэв.
Үүнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нараас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тасалбар болгон санал авсан бөгөөд нийт төсөл, арга хэмжээнээс 271 төсөл, арга хэмжээг хасуулахаар тус тус албан бичиг ирүүлсэн. Үүнд,“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨААТҮГ-т 77 төсөл, арга хэмжээ, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-т 13 төсөл, арга хэмжээ/-тай яамдууд тулгалт хийж жагсаалтаа эцэслэсэн 851 төсөл, арга хэмжээнээс магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан 534 төсөл, арга хэмжээ ажлын явц 62.8 хувьтай байгаа бол үлдсэн 317 төсөл, арга хэмжээ нь мэдээллээ ирүүлээгүй буюу 37.2 хувьтай байна. Гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл санхүүжилттэй харьцуулсанаар 15.2 хувийн өсөлттэй буюу 274.3 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилтийг 2022 оны улсын төсвийн тодотголоор тусгах, эсхүл улсын төсөвт үе шаттайгаар тусган шийдвэрлэх шаардлага үүсч байгааг Б.Мөнхбаатар сайд танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Амартүвшин, Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэллээ.
Гишүүдийн зүгээс нийт 1000 төсөл арга хэмжээний үнийн өсөлтийн зөрүүний 274,5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр оруулж ирэхдээ 355 төсөл арга хэмжээг хассан шалтгаан болон хугацааны талаар илүүтэй тодруулав.
Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариултдаа, уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Сангийн сайдын саналыг аваад Барилга, хот байгуулалтын сайдын түр журмыг гаргаж мөрдсөн. Энэ журамд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төсөл, арга хэмжээний гэрээ байгуулсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших бүх үлдэгдэл ажилд тооцно гэж зохицуулсныг онцлов.
Мөн нийтдээ 1154 төсөл, арга хэмжээ дамжин хэрэгжиж байна гэсэн тооцоо гаргаад бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн асуудал эрхэлсэн дарга нарын оролцоотой Ажлын хэсэг ажиллаад 851 төсөл, арга хэмжээ байна гээд жагсаалтаа эцэслэн баталсан. Энэ явцад 534 төсөл, арга хэмжээ магадлалд хамрагдсан. Бусад төслүүдээс төсвийн ерөнхийлөн захирагчид нь 271 төсөл арга хэмжээг хасуулья гэсэн албан бичгээ ирүүлсэн бөгөөд үлдсэн 317 төсөл, арга хэмжээ нь холбогдох материал, мэдээллээ ирүүлээгүй хэмээх хариултыг өгсөн.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулах жагсаалтад багтаагүй үлдсэн 355 төсөл арга хэмжээг хамруулахад Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам гарц гаргаж ажиллах шаардлагатай гэсэн саналыг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг шуурхайлуулахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулах жагсаалт дутуу байгаа тул 2023 оны нэгдсэн төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ бүх төсөл, арга хэмжээг бүрэн хамруулах чиглэлийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныханд өглөө