2022.05.17

УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрогтоо ажиллаж байна.

Тэрээр, Баян-Өндөр суманд энэ сарын 14-нд ажиллаж, иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Цар тахлаас болоод Баян-Өндөр сумынхантайгаа уулзалгүй нэлээд удсан байсан юм. Өнгөрсөн хоёр жилд тус сум ковидын улмаас нэлээд урт хугацаанд хөл хорьсон бөгөөд энэ хугацаанд иргэд болон сумын удирдлагатай утсаар, цахимаар голдуу харилцаж тулгамдсан асуудлыг нь шийдэхэд анхаарч ажилласан. Энэ удаагийн уулзалтаар иргэд миний танилцуулсан Хоршооны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, Шүүхийн тухай хуульд орсон өөрчлөлт, Төрийн хэмнэлтийн тухай зэрэг хууль тогтоомжуудаас гадна ашигт малтмал ашиглах лиценз, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, тэтгэвэр тогтоолгох цалингийн дунджийг тооцох жил, төрийн албан хаагчдын цалин хөлс, ажлын ачаалал, цэцэрлэгийн багшийн тэтгэврийн насыг наашлуулах боломж зэрэг олон сэдвээр асуулт асууж хариулт авсан.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхээс гаргуулахаар болсон юм уу гэдэг асуулт нэг биш суманд гарч байлаа. Төрөөс ийм шийдвэр гараагүй гэдгийг хэлсэн. Хоршооны тухай хуулийн шинэчлэлээр Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчилж иргэдийн хөдөлмөрөө хорших, хамтарч үйл ажиллагаа явуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жижиг зээл олгох журмыг шинэчлэн баталсан бөгөөд уг журмаар 2022 оны нэгдүгээр сараас Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг эхлүүлж хоршооноос гаргах зээл, санхүүжилтийг хоршоо аж ахуй нэгжид Хоршоо хөгжүүлэх сангаас олгохоор болсон.

Иргэдэд жижиг зээлд хэрхэн хамрагдах болон нөхцөл шаардлагын талаар санал нэлээд байдаг юм. Төрийн албан хаагчдын цалин хөлс, урамшуулал, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар дорвитой анхаарал тавих шаардлага бийг ч уулзалтын үеэр ярьсан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn