С.Чинзориг: тэжээгчээ алдсаны тэтгэмж нь тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно
2022.05.17

С.Чинзориг: тэжээгчээ алдсаны тэтгэмж нь тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.


-Тэтгэвэр өвлүүлэх буюу тэтгэврийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирээд буцаагдлаа. Засгийн газраас уг хуулийг яагаад татах болов. Уг нь нийгмийн хүлээлт их байсан хууль шүү дээ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийнэ гэсэн зорилт тусгагдсан байдаг. Нөгөө талдаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгоё гэдэг чиглэл олон жил яригдлаа. Энэ хүрээндээ Засгийн газраас дээрх хуулийн төслийг оруулж ирсэн.

Уг хуулийг УИХ-д хэлэлцэж эхлээгүй, наана нь намын бүлэг дээр яригдсан. Улмаар уг хуулийн төсөл дээр нэмж тусгах, тооцоо судалгаа хийх зүйл олон байгаа учраас буцааж, илүү нарийн боловсруулж оруулж ирье гэдэг санал гаргаж, буцаагдсан байгаа. Өмнөх хуулийн төслийг яагаад татсан бэ гэхээр нэгдүгээрт, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудал бүрхэг байсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шинэчлэл хийе гэвэл хөрөнгө санхүүгийн хувьд асуудал тулгарна гэсэн үг.

Хоёрдугаарт, одоо мөрдөгдөж байгаа хуультай харьцуулахад зарим заалт зүйл нь улам дордсон асуудал байсан. Тухайлбал, тэтгэвэр бодогдох цалингийн дундаж долоон жил байсныг 10 жилээр тооцон бодох заалт орж ирсэн. Үүнийг хэрэв баталбал нийгэмд нэлээд их шүүмжлэл дагуулахаар заалт болох юм.

Зарим Их хурлын гишүүд үүнийг таван жил болгох гээд үзээд байхад бүр 10 болгоно гээд ороод ирэхээр байж болохгүй асуудал гэж үзсэн. Нөгөөтэйгүүр одоогийн хуулиар нийгмийн даатгалын шимтгэлээ 20 жил төлсөн иргэн тэтгэврээ 45 хувиар бодуулна гэж байгаа. Гэтэл үүнийг 41 хувь болгосон байна лээ. Өөрөөр хэлбэл, хүрсэн түвшинг нь дордуулсан байна гэж үзсэн. Энэ мэт дордуулсан заалт, зүйлүүд байсан учраас Засгийн газар төслөө татаж аваад боловсруулаад дахин оруулъя гэсэн. 

-Тэтгэврийг өвлүүлэх тал дээр тодорхойлж ярихгүй юу?

-Миний хувьд тэтгэвэр өвлүүлэх асуудал дээр энэ цаг үед санал нийлэхгүй байгаа. 1995 оноос хойш мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын хууль өөрөө хуваарилалтын тогтолцоон дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл, ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлээр иргэдийн тэтгэврийг шууд тавиад явдаг гэсэн үг шүү дээ. Ийм тогтолцоотой үед тэтгэврийг шууд өвлүүлнэ гэдэг зарчимд нийцэхгүй асуудал. Цаашдаа тэтгэврийн санг хагас болоод бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлж байж тэтгэвэр өвлүүлэх асуудлыг шийдэж болно.

-Нийгмийн даатгалын сан гэж үе үе асуудалд орж байдаг төрийн нэг бүтэц байна. Энэ санг удирдаж, зохион байгуулах гэж очсон албаныхан асуудалд орох нь их юм. Сүүлд уг сангаас “Капитрон банк” санхүүжиж, улмаар дампуурлаа шүү дээ. Ер нь тус сангийн асуудал тогтолцоонд байна уу, очсон дарга, удирдлагууддаа байдаг юм уу?

-Очсон хүн ч юмуу одоо ажиллаж байгаа хүмүүсээс болж Нийгмийн даатгалын сан, Нийгмийн даатгалын байгууллага муу ажиллаж байгаа гэж бодохгүй байна. Одоо мөрдөгдөж байгаа хууль, тогтолцоо нь ерөөсөө л ийм хуваарилалтын зарчимд суурилчихсан. Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын ач холбогдлыг бууруулах, олон нийтэд харлуулах ажлыг зохион байгуулалттай хийсээр байна.

Зарим хүмүүс гуч, дөчин жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байхаар үүнийгээ банкинд хүүтэй хадгалуулчихсан нь илүү ашигтай гэж ярьсан. Үүгээрээ нийгмийн сэтгэл зүйг буруу зүгт чиглүүлэх ийм үйлдлүүд гарч байсан. Тиймээс нийгмийн даатгал төлснөөр ямар ач холбогдолтойг одоогийн тус байгууллагыг хариуцан ажиллаж байгаа хүн бүр олон нийтэд сурталчилж, таниулах учиртай. Манай иргэд нэг зүйлийг буруу ойлгодог. Нийгмийн даатгалын шимтгэл гуч, дөчин жил төлсний дараа тэтгэвэртээ гараад л үр шимийг нь хүртдэг гэсэн ойлголттой байдаг.

Энэ тийм биш шүү. Улсад шимтгэл төлж эхэлсний маргаашаас л та үр шимийг нь хүртдэг. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн эх цалинтай ээжийн мөнгө авдаг, үйлдвэр, мэргэжлийн онцлогоос шалтгаалж хөдөлмөрлөх чадвараа алдсан иргэн тэтгэмж авдаг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж гэх мэтээр ярьж болно. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэдэг бол тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно. Тухайлбал, хөдөлмөр эрхэлж байсан эцэг, эх нь бурхан болоход үлдэж байгаа үр хүүхдүүд нь насан туршид тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Энэ бол тухайн эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсны л ач. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэсэн үг.

-Нийгмийн даатгалын сан өөрөө үеийн үед л алдагдалтай ажилладаг шүү дээ. Үүнд та тодорхой тайлбар өгөөч?

-Энэ асуудлаар ч гэсэн олон нийтэд зөв мэдээлэл, зөв ойлголтыг өгөх ёстой. Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа нь ажилчид муу ажиллаж байгаа зүйл огт биш. Ерөөсөө одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тогтолцоотойгоо холбоотой асуудал. Сан яагаад алдагдалтай байна гэхээр хоёр зүйлийг ярьж болно. Нэгдүгээрт, цэргийнхэн буюу цэргийн алба хаагчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй.

Үүнийг төр өөрөө хариуцаж, төсвөөс гаргадаг. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангийн алдагдлын нэг хэсэг нь энэ цэргийн алба хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төсвөөс гаргаж байгаа асуудал. Хоёрдугаарт, 1995 онд Нийгмийн даатгалын хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө иргэд цалин хөлснөөсөө даатгал төлдөггүй, үүнийг 100 хувь төр хариуцдаг байлаа шүү дээ. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг төр хариуцдаг. Ийм хоёр зүйлээс болж нийгмийн даатгалын сан алдагдалтай байдаг. Үүнийг л манайхан уг санг алдагдалтай ажилладаг гээд ойлгочихсон.

-Алдагдал тогтолцоонд болон хуулиндаа байгаа гэж ярилаа. Тэгвэл нэн яаралтай энэ тогтолцоо, хуулийг нь шинэчлэх, өөрчлөх шаардлагатай юм биш үү?

-Хуулиа шинэчлэх, тогтолцоог нь өөрчлөхтэй бүрэн санал нэг байгаа. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн гол зүйл нь Нийгмийн даатгалын санг арвижуулах, менежментийг нь хэрхэн зөв явуулах вэ гэдэг дээр тогтох ёстой. Энэ бол уг хуулийн шинэчлэлийн амин сүнс.

Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар нийгмийн даатгалын санг арвижуулах арга хэлбэр нь арилжааны банкнуудад хүүтэй байршуулах, Засгийн газрын бонд худалдаж авах, Монголбанкны үнэт цаас худалдаж авах гэсэн зохицуулалт бий. Үүгээр бол сүүлийн 10 гаруй жил Засгийн газар бонд гаргаагүй. Тэгэхээр бонд худалдаж аваагүй гэсэн үг.

Монголбанкнаас үнэт цаас авъя гэхээр хуулиараа тус банкнаас зөвхөн арилжааны банкнууд үнэт цаас авдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр үнэт цаас авч болохгүй гэсэн үг. Тэгэхээр ганц үлдэж байгаа нь арилжааны банкинд хүүтэй байршуулах хэлбэр юм. Үүнээсээ болоод иргэдийн шүүмжлэлийг их дагуулдаг. Цаашид үүнийг нэлээд боловсронгуй болгох ёстой.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиа иргэд буцааж авахаар болсон. Үүнийг ажилчдад нь биш, ажил олгогчдод олгох нь илүү үр дүнтэй гэж ярьсан. Яагаад заавал ажил олгогчид авах ёстой гэж?

-Төсвийн тодотголоор ийм санал орж ирсэн. Эдийн засаг хүнд үед иргэдийнхээ орлогыг ингэж дэмжиж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ ийм хүнд цаг үед ажилчид гэхээс илүү ажил олгогчдыг дэмжих нь илүү үр дүнтэй гэсэн бодолтой байсан. Ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь буцаан олгосноороо иргэд ажлын байртайгаа байх, хадгалах, нэмэгдүүлэх, цалин хөлсөө тогтвортой авах зэрэг боломжууд бий болох байсан л даа.

Нийгэмд энэ чиглэл нь илүү үр дүнтэй байсан юм болов уу л гэж харсан. Ер нь улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь 10-аас доош ажиллагсадтай, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд байгаа. Эдгээр жижиг үйлдвэр эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого төрөөс явуулах учиртай. Энэ утгаараа л уг 50 хувийн буцаан олголтыг ажил олгогчдод нь өгөх ёстой гэсэн байр суурьтай байсан.

-Монголд ажил хийх хүнгүй боллоо. Залуучууд нь гадагшаа гарч ажиллахаар байдгаа барж байна гэдэг. Дотооддоо ажиллах хөдөлмөрчдийг төрөөс ямар бодлогоор зохицуулах ёстой юм бэ?

-Улсын хэмжээнд 1.2 сая ажиллагсад байна. Үүний 50 орчим хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчид байдаг. Манай эдийн засаг ийм сонин бүтэцтэй. Аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь 10-аас доош ажилчинтай, жижиг нэгжүүд байна л даа. Тэгэхээр цаашид иргэдийг ажлын байраар бүрэн хангая гэвэл хоёр зүйлийг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, ажиллах хүчний шингээлттэй хөнгөн үйлдвэрүүдийг сайн дэмжих ёстой.

Нуулгүй гэж хэлэхэд, бид сүүлийн гучин жил дандаа уул, уурхай л ярьж ирлээ. Үүнийг дагаад ажлын байр дорвитой нэмэгддэггүйг бид мэдэж авлаа. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний шингээлт багатай салбар бол уул, уурхай. Тиймээс өнөө цагт бид мал, аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлийн хөнгөн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжих ёстой. Ажиллах хүчин олдохгүй байна гэж шүүмжилдэг. Гэвч нөгөө талдаа ажлын байр сайн нэмэгдэж өгөхгүй байна. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн үнэлэмжийг сайн бодох ёстой. Цалин хөлс багатай байгаагаас болж залуучууд ажлын байраа голж байна.

-Халамж хавтгайрснаас болоод хөдөлмөрлөх иргэд олдохгүй байна гэдэг шүү дээ...

-Нийгэмд халамж хавтгайрлаа гэдгийг би хувьдаа сайн ойлгодоггүй. 1995 оны судалгаагаар манай улсын нийт иргэдийн 35 хувь нь ядуу байна гэж гарсан байдаг. Үүнээс хойш гучин жил өнгөрлөө. Дахиад ийм судалгаа явуулахад хүн амын 29 хувь нь ядуу байна гэж гардаг. Тиймээс халамжийн бодлого байхаас өөр аргагүй. Харин ч муу сайн хэлэгдээд байгаа халамжийн бодлогын үр дүнд тэр гучин хувийн ядуу иргэдээ нэн ядуу түвшин рүү оруулчихгүйхэн шиг бариад явж ирсэн.

Түүнчлэн халамжийн бодлого уу, хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого уу гэдгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Манайхан хүнд очиж байгаа мөнгө бүрийг халамжийн бодлого гэж хардаг. Тухайлбал, хүүхдэд өгч байгаа 100 мянган төгрөг бол халамжийн бодлого биш. Энэ бол цөөхөн монголчуудыг олон болгох гэсэн хүн амын өсөлтөө дэмжсэн бодлого. Үнэхээр халамжийн бодлогыг шүүмжилье гэвэл нэг зүйлийг хэлж болох л юм. Тэр нь халамжийн бодлого үнэхээр шаардлагатай зөв хүндээ очиж чадаж байна уу л гэдэг асуудал. Түүнээс өөр шүүмжлэх зүйл байхгүй, явах ёстой зарчмаараа л явж байгаа.

-УИХ-ын хяналт, шалгалтын түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын хяналт, шалгалтын хуулиар Засгийн газрын үйл ажиллагааг хянаж, УИХ-аас батлан гаргасан хуулийн хэрэгжилт биелж байна уу, үгүй юү гэдгээ авч хэлэлцдэг. Энэ түр хороо байгуулагдсанаараа ямар ач холбогдолтой юм бэ?

-УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг баталчихсан. Үндсэн хуулиар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, хангуулах үүрэг нь УИХ-д байдаг. Үндсэн хуулиар олгогдсон энэхүү бүрэн эрхийг баталгаажуулах зохицуулах дагалдах хууль тогтоомж байгаагүй учраас дээрх хуулийг УИХ баталсан шүү дээ. Гэхдээ уг хууль батлагдсанаараа зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааг хянах ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ерөөсөө хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн хууль гэж хэлж болно. Уг хуулиараа Хөгжлийн банкны асуудлыг шалгах түр хороо байгуулахаар ажиллаж байна.

-УИХ-ын гишүүний хувьд Хөгжлийн банктай холбоотой асуудалд ямар байр суурьтай байна. Ерөнхий прокуророос нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн ч та хэд олонхоороо аваад үлдчихлээ. Ер нь прокуророос оруулж ирсэн саналыг хүлээж аваад гишүүдийг явуулчихаж болдоггүй юм уу. Гэм буруутай эсэх нь шүүхээр шийдэгдээд буруугүй бол буцаад л ороод ирнэ биз дээ?

-Хөгжлийн банкны асуудалд төр онцгой анхаарал хандуулах ёстой. УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт миний бие орж ажилласан. Энэ үеэр Хөгжлийн банкны асуудлаар төрөөс цаашид анхаарах хэд хэдэн зүйл байна гэдгийг ажигласан. Импортыг орлох, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлого үр дүнтэй болж чадсангүй. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийн хугацаа хэт богино байна. Зээл авсан аж ахуйн нэгжүүд 5-9 жилийн хугацаатай уг зээлийг авч.

Энэ хугацаанд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд хөгжүүлнэ гэдэг их хэцүү. Тиймээс цаашид төсөл хэрэгжүүлэх хугацаанд нь илүү анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны зээлийн хүү тийм ч бага биш юм байна лээ. Жилийн 10-13 хувийн хүү, валютын хүү нь есөн хувь байсан. Эдгээр хүүгээ төлөхийн хажуугаар үйлдвэрлэлээ, төслөө хөгжүүлнэ гэдэг их хэцүү. Гуравдугаарт, Монголбанк, Хөгжлийн банк эдгээр төсөл хөтөлбөрүүдэд зээл олгохдоо санхүүгийн менежмэнтийг их муу хийсэн гэдэг нь ажиглагдсан.

Тухайлбал, валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүдэд сүүлийн үеийн валютын өсөлт үнэхээр хүнд дарамт болж байна. Хөгжлийн банкнаас валютаар зээл авсан зээлдэгчдийн эргэн төлөх дүн валютын өсөлтөөс шалтгаалж 640 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр бий болчихсон байна. Тиймээс цаашид зээл олгохдоо ханшийн өсөлтийг хэрхэн тооцох вэ гэдгээ нэн онцгой анхаарах ёстой.

Энэ бол цэвэр мөнгөний бодлого, төрийн оролцоотойгоор хийх ёстой ажил шүү дээ. Нөгөө талдаа төгрөгөөр зээл авсан зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл буюу хүүгийн эрсдэлийн 200 гаруй тэрбум төгрөгийг Хөгжлийн банк өөрөө хариуцахаар болчихсон. Энэ мэт санхүүгийн менежмэнтийг үнэхээр муу хийжээ. Үүнд бол төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан гэж харсан.

-Хөгжлийн банкны зээлдэгчдийг буруутгаад байдаг. Таныхаар зээл олгосон этгээдүүд санхүүгийн менежмэнтийг муу хийсэн гэж ойлголоо. Гишүүдтэй холбоотой асуудлыг тодруулж ярихгүй юу?

-Гишүүдийг түдгэлзүүлэх санал анх прокуророос орж ирэхдээ нууцлалын зэрэгтэй байсан. Тиймээс миний хувьд ч гэх үү бусад гишүүдийн хувьд ийм, тийм байр суурьтай байсан гэдгийг хэлэх боломж алга. Ямартаа ч гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр л саналаа өгсөн байх. Прокуророос орж ирсэн гишүүдийг түдгэлзүүлэх материалыг харахад дэлгэрэнгүй мэдээлэл, баримтууд байхгүй байсан. Ерөөсөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хэрэгтэй байна гэсэн ерөнхий мэдээлэл л байна лээ. Яг юу болсон, яасан бэ гэдэг мэдээлэл байхгүй. Мэдээж мөрдөн байцаалтын нууц юмнууд бий л байх. Бүх материалтай танилцах эрхтэй УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны гишүүд үзээд, хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн учраас УИХ дэд хорооны саналыг дэмжсэн. Ийм л зүйл.

-Прокуророос оруулж ирсэн саналыг хүлээж аваад байвал УИХ-ын дархлаа суларна гэж болгоомжилдог учраас гишүүд уг асуудлыг дэмждэггүй юм биш үү?

-Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Тиймээс парламентын дархлаа гэдэг зүйл байх ёстой. Гэхдээ дархлаа гэдгийг хувь хүний халдашгүй байдал талаас нь ойлгохгүй байна. УИХ-ын гишүүн гэдэг иргэдийнхээ саналаар, тодорхой тойргоос төлөөлөл болж, тэдгээр иргэдийнхээ төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх үүрэгтэй ажилладаг алба шүү дээ.

Иргэдийнхээ өмнөөс төрийн бодлогыг хэрэгжүүлэх онцгой эрхтэй хүмүүс учраас хэнээс ч хараат бусаар ажиллах, хамгаалагдах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах эрхтэй. Энэ утгаараа л гишүүний халдашгүй байдал гэдэг ойлголт байх ёстой гэж боддог. Тиймээс дан ганц хувь гишүүнийг түдгэлзүүлэх асуудал биш болов уу гэж харж байгаа.

Тэр гишүүний цаана түүнд саналаа өгч сонгосон мянга, мянган иргэний ашиг сонирхол, төр барих эрхтэй шууд холбоотой асуудал болохоор УИХ онцгой анхаарах нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, шалгах шаардлага байгаа ч цаагуураа сонгогчдын эрх ашигт халдчих гээд байгаа зүйл ажиглагдаж буй учраас прокурорын саналыг дэмжээгүй болов уу гэж ойлгосон.

-Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдээс сонгуулийн хуулиа өөрчил, Үндсэн хуульдаа нэмэлт оруул, тогтолцоогоо шинэчлээч ээ гэдэг санал, шаардлагыг сүүлийн үед их идэвхтэй нэхэх боллоо. Үүнд та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Одоогоор намын бүлгийн түвшинд сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал яригдаагүй байна. Нийгмийг харахад ийм санал, хүсэлтүүд их яригдах болсон юм билээ. Бид 1990 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын найман удаагийн сонгуулийг явуулсан. Ингэхдээ янз бүрийн сонгуулийн тогтолцоог сонгож явуулж ирсэн шүү дээ. Ер нь бол сонгууль болгоноор л сонгуулийн тогтолцоог өөрчилдөг.

Үүнээсээ шалтгаалж олон сөрөг үр дагаврууд нийгэмд бий болдгийг бид сүүлийн гучин жилийн улс төрийн түүхээс харж болохоор. Тиймээс байнга сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлага байхгүй. Тогтсон нэг системээр л явах учиртай. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн гэдэг асар их эрх мэдэлтэй хүмүүс байна. Тиймээс эдгээр хүмүүсийн эрх мэдлийг багасгах, сааруулах ёстой гэсэн хандлага байдаг. Гэвч УИХ-ын гишүүн гэдэг тийм ч дархан эрхтэй хүн биш шүү дээ.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн зарим эрхийг хассан байгаа. Тухайлбал, Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх эрхийг шилжүүллээ. Сайд нарыг УИХ хүн бүрээр нь хэлэлцэн томилдог байсныг болиуллаа. Төсөвтэй холбоотой онцгой эрхээсээ ч татгалзсан. Нэг үгээр хэлбэл, сүүлд нэмэгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол УИХ-даа биш, Засгийн газарт л илүү их эрх мэдэл төвлөрсөн, хүчтэй болсон байгаа.

-Ерөнхий сайд эрх мэдэлтэй байгаа нь үнэн. Тэрээр төсөв хүндэрч байгаа шалтгааныг 76 тойрогтой холбож ярьсан шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ. Үнэхээр төсөв хүндрүүлж байгаа бол сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой юм биш үү?

-Улсын төсвийг 76 тийшээ цацаад байна гэдэг шүүмжлэлийг миний хувьд хүлээж авдаггүй. Монгол Улс чинь нэгдмэл нэг л улс шүү дээ. Үндсэн хуулиараа Монгол Улсын иргэн хаана ажиллаж, амьдрахаа өөрөө сонгох эрхтэй. Тэр утгаараа 76 тойргоос сонгогдсон гишүүд иргэдийнхээ саналыг улсын бодлогод тусгах үүрэгтэй гарч ирж байгаа шүү дээ. Мөн төрийн үйлчилгээг тухайн сонгогдсон тойрогтоо л хүргэж ажиллаж байгаа. Тиймээс төсвийг 76 зүг тарааж байгаа гэж шүүмжлэх хэрэггүй юм. Нөгөөтэйгүүр хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг ч бид арилгах хэрэгтэй.

Тэр утгаараа орон нутгаас сонгогдсон гишүүд төрийн үйлчилгээг хөдөөд хүртээмжтэй, чанартай хүргэх чиглэлээр ажиллаж, тэдний дуу хоолойг сонсож, санал хүсэлтийг нь төрийн бодлогод суулгуулах ёстой. Өөр нэг зүйл бол манай улсын газар нутгийн болон хүн амын суурьшлын онцлог гэж байна. Сайн муугаараа хэлүүлээд байгаа тойргоос сонгогдсон гишүүд чинь хаа байсан уулын мухарт суугаа малчны эрх ашиг, саналыг төрд уламжилж яваа шүү дээ.

Хэрэв сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд тойрог гэж байхгүй болбол хэн тэр уулын мухарт байгаа малчны саналыг төрд тусгаж оруулах юм бэ. Тойргоос биш, намаас сонгогдсон гишүүд их сүрхий намын эрх ашиг, улсын эрх ашиг ярьсан нөхдүүд гарч ирнэ. Тэгэхээр зах хязгаарт байгаа сонгогчтой уулзах асуудал гэж байхгүй болно. Тэнд тулгамдаж байгаа асуудлыг төрийн бодлогод тусгаж хэрэгжүүлнэ гэж бүр байхгүй. Тийм учраас том газар нутагт хүн ам нь сийрэг суурьшдаг учир Монголд одоохондоо 76 тойргоос гишүүдээ сонгох буюу мажоратори тогтолцоо илүү дээр.

-Ирэх жилээс Засгийн газар гадаад бондуудын эхний төлөлтийг хийх гэж байна. Хөгжлийн банкны асуудал шийдэгдэхгүй, төсөв санхүүгийн хямрал үргэлжилсээр байвал ирэх жил бид энэ гадаад өрөө яаж төлөх вэ?

-Бид улс нийтээрээ нэлээд хүнд нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байна. Цар тахал, хил гааль хаалттай хоёр жил боллоо. Дээр нь хойд хөршийн явуулж байгаа үйл ажиллагаанаас болоод олон улсын хоригт орсон байдал нь бидэнд ч нөлөөлж байна. Ковидын хоёр жилийн хугацаанд манай улсын эдийн засаг шалдаа буусан. Хүнээр бол ёстой л сэхээнд орсон шүү дээ.

Одоо овоо гайгүй ч бие султай хүн шиг л эмчилгээтэй байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс эдийн засгаа сэргээх, эдийн засгаа тэлэх, хил гаалийн нэвтрэх чадвараа нэмэгдүүлэх, экспортоо сайжруулах зэрэг эмчилгээнүүдийг шуурхай авч хийж байж бид сульдсан, буурсан эдийн засгаа хөл дээр нь босгож чадна. Хамгийн чухал зүйл бол бид экспортын орлогоо л дорвитой нэмэгдүүлчих хэрэгтэй байна. Ямар арга зам байна, ямар боломж байна бүгдийг л ашиглах ёстой.

Хүнд амаргүй нөхцөл байдалд байгаа ч дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсч байна. Энэ бол их азтай явдал шүү. Тиймээс даруйхан төмөр замын асуудлаа шийдээд хил, боомтынхоо нэвтрэх чадварыг нэмэгдүүлээд, уул уурхайн бүтээгдэхүүнээ ахиухан хэмжээгээр экспортлох шаардлагатай байна. Мөн Хөгжлийн банкны асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, зээлийг нь эргэн төлүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахгүй бол ирэх жил дахин хямралд орох магадлал өндөр байна шүү