Гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх арга замыг таниулсан "Үзүүлэх сургалт" боллоо
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, дүүргийн Прокурорын газрын дарга С.Гансэлэм, дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Амгалан-Эх, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Арга хэмжээний үеэр хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд буруу оролцсоны улмаас учрах аюул, хох хохирол болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг таниулсан “үзүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа.
Уг сургалтын гол онцлог нь хүүхэд багачууд замын хөдөлгөөнд явган болон зорчигч хэлбэрээр оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл ямар хор уршиг дагуулдаг, зам тээврийн осол ямар шалтгааны улмаас хэрхэн гардаг, түүний улмаас хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэй байдаг талаар жүжиглэж үзүүлсэн юм.
Учир нь Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулсан нь хамгийн үр дүнтэй байлаа.
Арга хэмжээг нээж дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ, “Хүүхдүүд зорилгодоо тууштай байх, аливаа асуудал бэрхшээлийг даван туулах өөрийн арга барилаа олох мөн төгсөх шалгалтаа амжилттай өгч сонгосон мэргэжилдээ хичээн суралцах талаар бие биедээ хуваалцах, үе тэнгийнхнээсээ суралцах боломжийг олгосон хүүхэд хүүхдийнхээ төлөө, сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн хүрээнд Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлж эерэгээр нөлөөлж төр, хувийн хэвшил, иргэд бүх талаас хамтарч ажиллахыг уриалъя. Бид эрх зөрчигдсөний дараа биш урьдчилан сэргийлж хамтдаа шийдэх боломжтой.
Сургуулийн орчинд дарамт дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, таслан зогсоохын тулд эдгээр үйлдэгч хүүхдэд хийж байгаа үйлдэл нь хэвийн зүйл биш, хүчирхийллийн нэг хэлбэр цаашилбал гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг ойлгуулан таниулах шаардлагатай төдийгүй цахим орчин дахь дээрэлхэлт, бэлгийн мөлжлөг, хүний наймааны хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд анхаарцгаая” гэдгийг онцлон уриаллаа.
Мөн арга хэмжээний үеэр Хүүхдийн төлөө аяны хүрээнд сургууль, цэцэрлэгүүдээр аялах Бамбарыг 40-р сургуулийн захирал Б.Балганд хүлээлгэн өглөө.
БГД-ийн цагдаагийн ахмад Б.Мөнхбаатар " Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон дүүргийн прокурорын газартай хамтран "Зөвийг хэвшүүлье сурагчийн аюулгүй байдал эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аяныг 6-р сарын 10-ны дотор зохион байгуулж байна. Арга хэмжээг зохион байгуулснаар бага нансны хүүхдийн гэмт хэрэгт холбогдсон тоо мэдээг бууруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулахад чиглэгдэж байна. " гэв.