Б.Баярсайхан: Бид үр хүүхдээ хамгаалж чадахгүй бол том бодлого яриад яах юм
УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.
-Та энэ сарыг хүүхэд хамгаалалд онцгой анхаарал хандуулах сар хэмээн зарласан. Хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Тийм ээ, жил бүрийн тавдугаар сар бол гэр бүл, хүүхэд залуусын хувьд онцгой чухал сар. Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхэн ойн өдөр тохиодог, Гэр бүлийн өдөр болдог, Эх үрсийн баяр угтдаг сайхан сар. Ер нь гэр бүл, хүүхдийн эрхийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачдаг үе л дээ. Энэ жилийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа хүүхэд хамгааллын тухай заалт тусгуулсан нь хэрэгжиж эхлээд байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар ажил олгогч буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага бүр хүүхэд хамгааллын ээлтэй бодлоготой байна.
Хүүхэд хамгааллын төсвөөс хасагдаагүй. Харин соёлын салбарын төсөв нэлээд танагдсанд сэтгэл дундуур байна.
Ажилтнуудыг ажлын уян хатан нөхцөлөөр хангаж, ажлын цагт нь чанартай ажиллуулж, ажлын бус цагаар гэр бүлтэйгээ байх боломжоор хангах тухай тусгасан. Энэ нь ажил олгогч, ажилтан аль алинд нь ашигтай заалт. Хүүхэд хамгааллын уг заалтын хэрэгжилтийг хангуулахаар бүх яам, салбар болгон хүүхдийн асуудлаар хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж байна.
Манай улсад хоёр жилийн өмнө зөвхөн гэртээ хүчирхийлүүлж, бэртсэн цаашлаад амь нас нь хохирсон 25 мянган хүүхэд байсан бол цар тахлын үед энэ тоо 35 мянга болж нэмэгдсэн. Хүчирхийлүүлж, ямар нэг байдлаар эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэж буй эдгээр 35 мянган хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч хуулийн ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ямар ч хүн энэ тоог сонсоод гар хумхиад зүгээр сууж чадахгүй, сэтгэл зовнино, ямар ажил хийвэл ийм хариуцлага байдал өөрчлөгдөж болох вэ гэдэг талаар хүчин зүтгэх нь мэдээж.
Тэгэхээр Хөдөлмөрийн хуулийн 43.3 дахь заалтаар дамжуулан ажил олгогчид нь хөдөлмөр эрхэлж буй эцэг эхчүүдэд соён гэгээрүүлэх ажлыг хийх үүрэг хүлээж байгаа. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын асуудлыг хариуцаж буй салбар яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар зөвлөмж гаргана. Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага уг заалтыг хэрэгжүүлж эхэлбэл хүүхдийн хүчирхийлэл буурч, гэр бүлийн харилцаа сайжирч, улмаар нийгмийн уур амьсгал эерэг сайхан болно гэсэн хэтийн зорилготой ажиллаж байна.
-Ажил олгогч оролцохын давуу тал нь юунд байна вэ?
43.3.Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.-Хүүхэд хамгааллын чиглэлд салбарын яамд олон улсын байгууллагуудтай хамтран хөдөлгөөн өрнүүлж, бодлого хэрэгжүүлж байгаа ч хангалттай үр дүн гарахгүй байна. Бид олон улсын сайн жишээ, нийтлэг жишгээс санаа авч уг заалтыг хуульд оруулсан л даа. Жишээлбэл, Австралид ажилтнууд ажил олгогч буюу цалин олгож буй удирдлагынхаа үгийг илүү хэрэгжүүлдэг нь туршилтаар батлагдсан байдаг юм билээ. Тиймээс хүүхдийн хүчирхийллийг бууруулахад ажил олгогчоор дамжуулж эцэг эхийн хариуцлагыг дээшлүүлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд энэхүү чухал заалтыг хуульд санаачлан оруулсан юм. Хууль хэрэгжих ёстой.
Үүнтэй холбогдуулан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бүх яаманд хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тухайлбал, уул уурхайн салбарт хэчнээн мянган хүн ажилладаг билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус хэлэлцүүлгийг хийснээр энэ салбарт ажиллаж буй ажилчдын гэр бүл хүчирхийлэлгүй байх, амар тайван орчинд бололцоо нөхцөлөөр хангана.
Уул уурхайн салбар тэр чигээрээ хүүхдэд ээлтэй салбар болох зорилтыг дэвшүүлж байна. Үүнтэй адилаар манай улсад анх удаа бүх салбарын үйл ажиллагааны бодлогын эхэнд хүүхэд хамгаалал байх ёстой, хүүхдэд ээлтэй бодлого явуулж хэрэгжүүлэх ёстой гэдэг асуудлыг онцгойлон хэлэлцэж байна. Хөдөлмөрийн харилцаанд оролцдоггүй хүн гэж байхгүй шүү дээ. Юутай ч эхний ээлжинд ийм эерэг заалт хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг суурь хуульд тусгуулж чадсан.
ХАЛУУН ЦЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ХАМТАРСАН БАГ ЗӨВЛӨГӨӨ ТУСЛАХ ӨРӨӨ ТАСАЛГААТАЙ, ТӨСӨВ МӨНГӨТЭЙ БАЙХ ЁСТОЙ
-ТББ болон хувийн хэвшилд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?
-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүний нэг л дээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтыг бүх аж ахуйн нэгжид тайлбарлаж түгээхэд танхимаас 100 хувь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Энэ бол ажил олгогчид бодлогын төвшинд энэ заалтыг дэмжиж буйн илэрхийлэл. Хувийн аж ахуйн нэгжүүд ажилтнууддаа хувь хүний хөгжлийн сургалт ордогтой адил хариуцлагатай эцэг, эх, сайхан гэр бүл байх соён гэгээрүүлэх сургалтыг мөн зохион байгуулна.
Өнгөц харахад ажил олгогчдод дарамт учруулах мэт харагдаж магадгүй ч гэр бүл, үр хүүхэд, хань ижилтэйгээ байх цаг заваар бүрэн хангасан ажилтны ажилдаа зарцуулах сэтгэл зүтгэл, ажлын бүтээмж өндөр байдаг. Мөн ажилтнаа ойлгож, дэмжиж урамшуулдаг удирдлагатай баг хамт олонд ажилладаг ажилтан тухайн компанидаа тогтвор суурьшилтай ажиллах том шалтгаан болно зэрэг эерэг үр дагавартай. Энэ талаас нь харвал алс ирээдүйдээ гэр бүлийн хөгжил, хувь хүний хөгжил, цаашлаад хүүхэд хамгаалалд тус дэм үзүүлэх, үр өгөөжөө өгөх эрх зүйн сайн хөшүүрэг болно л доо.
Хүүхэд хамгаалалд зарцуулж буй нэг ам.долларын 91 цент нь хүүхдэдээ хүрдэг зохицуулалт хиймээр байна.
-Судалгаанаас харахад хүүхэд хамгааллын төсөв анх 900 сая байсан бол өдгөө хэд арав дахин өсжээ.Гэтэл хүүхдийн хүчирхийлэл яагаад буурахгүй байна вэ?
-Зарцуулдаг төсөв нь нэмэгдээд байхад хүчирхийлэл буурахгүй байна гэж асуух нь зүй ёсны сэдэв. НҮБ-ын ЮНИСЕФ, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагуудын хүүхэд хамгааллын зардал 1 ам.доллар гэж тооцоход үүний 91 центийг хүүхдэд зарцуулдаг. Зургаан цент нь хөрөнгө босгоход, үлдсэн гурван цент нь захиргааны зардалд зарцуулагддаг байна. Өөрөөр хэлбэл, бараг нийт төсвийнхөө 90 орчим хувийг зөвхөн хүүхдэд, хүүхдийн хамгаалалд зориулдаг, тэр хэмжээгээр үр дүн нь гарт баригдаж нүдэнд харагддаг гэсэн үг. Гэтэл Монголд эсрэгээрээ. 2022 онд бид хүүхэд хамгааллын төсөвт 10 тэрбум төгрөг тусгуулсан. Гэвч энэ зардлын тайлан дутуу дулимаг.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэж бие даасан агентлаг бий. Хүүхдийн төлөө үндэсний газар гэж байхад Ю.Цэдэнбалын эхнэр Филатова гуай Монголд ямар өгөөжтэй бүтээн байгуулалтууд хийсэн билээ. Уг нь хүүхдийн мөнгөнөөс хулгай хийдэггүй, авлига авдаггүй, ёс суртахууны өндөр мэдрэмжтэй, хүүхдэд төсөвлөгддөг хөрөнгийг зохих ёсоор нь зарцуулахын төлөө зүтгэдэг чин сэтгэлтэй хүмүүс энэ агентлагт ажиллах ёстой. Ийм хүнлэг чанар “үнэртсэн”, хүүхдийг нэгдүгээрт эрэмбэлдэг хүмүүс ажиллах ёстойг л бид сануулаад байгаа хэрэг л дээ. Тэгэхээс хэн нэгэн хувь хүн тал руу нь хандсан ийм асуудлыг огт ярьж байгаагүй, ярихгүй. УИХ хүүхэд хамгаалалд зориулах төсвийг нь баталчихлаа.
Гэтэл бодлого боловсруулах, төсвийг захиран зарцуулах газар ажил санасан хэмжээнд хүрэхгүй байгааг л ил тод шүүмжилж байгаа. Бидэнд хууль эрх зүйн орчин хангалттай. Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль үйлчилж байна. Одоо Гэр бүлийн тухай хуулийг л шинэчлэн батлах үлдсэн. Үүнээс гадна олон улсын гэрээ, конвенцууд бий.
2016 оноос хойш хууль эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй байгаад л дээр дооргүй хариуцлага нэхэн хашхирах ёстой. Энэ бол эцэг эхчүүд бидний хамгийн түрүүнд нэхэх ёстой үүрэг хариуцлага. Тэгэхээр дээр дурдсанчлан хүүхэд хамгаалалд зарцуулж буй 1 ам.долларын 91 цент нь хүүхдэдээ хүрдэг, тэдний гарт баригдахуйц зохицуулалтыг хиймээр байна. Хамгийн харамсалтай нь хүчирхийлэлтэй тэмцэх үүрэгтэй Засаг дарга, сум, багийн цагдаа, эмч, сургуулийн нийгмийн ажилтнаас бүрдсэн орон нутгийн хамтарсан багт бичиг хэрэг, унааны зардал тарчигхан байна шүү дээ. Халуун цэг дээр ажиллаж байгаа энэ хүмүүст л зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өрөө тасалгаа, шөнө оройн цагаар давхиад очих унааны зардал маш хэрэгтэй. Хөдөө ажиллаж явахад хамтарсан баг ямар ч төсөвгүй гар хоосон байгаатай их таарч байлаа.
Монголд үйл ажиллагаа явуулдаг бүх албан байгууллага Хөдөлмөрийн хуулийн 43.3 заалтыг хэрэгжүүлж эхэлбэл хүүхдийн хүчирхийлэл буурч, гэр бүлийн харилцаа сайжирч, улмаар эдийн засаг хөгжиж, нийгмийн уур амьсгал ч сайхан болно.
-Та хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар нэлээд дуугардаг гишүүдийн нэг. Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ?
-Хүүхэд хамгааллын асуудалд холбогдох байгууллагууд шат шатандаа хяналт тавин ажиллаж байгаа. Харин УИХ-ын хувьд батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулж, эрх зүйн орчныг илүү сайжруулах арга замыг эрэлхийлдэг. Энэ хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан хүүхдийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хуулийн хэрэгжилт ямар шатанд яваатай танилцах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Ажлын хэсэг хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилт ямар байгаа, эрх зүйн орчныг сайжруулах ямар арга зам байгаа вэ гэдэг талаас нь танилцаж судална. Мөн төсвийн зарцуулалт, хүртээмжид ч хяналт тавина.
ГЭР БҮЛИЙН ХУУЛЬД ӨНГӨЦ ЗАСВАР БУС ТОМ ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ
-Гэр бүлийн тухай хуулийг батлах үлджээ. Сүүлийн үед гэр бүл салалт их байна. Үүний хамгийн том хохирогч нь хүүхдүүд.
-Хөгжингүй орнуудад гэр бүл салах тохиолдолд эцэг эхэд нь оногдуулах хариуцлага өндөр. Учир нь салалтын улмаас хүүхэд хохирдог. Гэр бүлийн тухай хуулиа яаралтай баталж, эцэг эхэд оногдуулах арга хэмжээг чангатгамаар байна. Өнөөдөр гэр бүл салалтаас болж хохирч буй хүүхдүүд, өрх толгойлоод үлдэж буй аав юм уу ээжид ямар ч тус дэм болж байгаа зүйл алга. Гэр бүл болох, эцэг эх болох нь ямар маш том хариуцлага. Гэр бүл цуцлуулбал ногдуулах хариуцлагын тогтолцоог чангатгах зүйл заалтыг хуульд тусгах зайлшгүй шаардлага бий.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д гурван жилийн өмнө өргөн мэдүүлсэн ч Засгийн газар хуулийн төслөө буцаан татсан. 20 гаруй жил нэмэлт, өөрчлөлт төдийхнөөр өнгөц засвар хийн шинэчилж ирсэн Гэр бүлийн тухай хуульд зарчмын дорвитой өөрчлөлт хийх цаг болсон. Тийм ч учраас Засгийн газар энэ хуулийн төслийг шинэчлэн найруулж ойрын хугацаанд өргөн барих болов уу гэж найдаж байна. УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ажилд манлайлан ажиллаж, цаг үе нийгмийн шаардлага, эцэг эхчүүдийн хүсэлт, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээн дээр үндэслэн өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх болно.
-УИХ төсөв тодотголоо. Хүүхэд хамгааллын төсөвт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
-Хүүхэд хамгааллын төсвөөс хасагдаагүй. Харин соёлын салбарын төсөв нэлээд танагдсанд сэтгэл дундуур байна. Яагаад гэвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй болж, уур уцаартай, айдастай болсон. Олон улсын туршлагад үүнийг спорт, урлаг, соёлын аргаар тайлдаг, тайвшруулдаг жишиг бий. Гэтэл бидэнд хөгжмийн зэмсэггүй соёл урлагийн төв, спортын техник төхөөрөмж сандалгүй заал талбай дахиад нэг жил хүлээх хэрэгтэй боллоо.
Орон нутагт хүмүүс соён гэгээрч, өсөж хөгжмөөр байна шүү дээ. Саяхан Завханд болсон малчдын зөвлөгөөний дараа оройн арга хэмжээг зохион байгуулахдаа Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” аяныг дэмжин нэг ч дусал архигүйгээр хийсэн. Малчид маань бүгд хөгжилдөн бүжиглэсэн, санал бодлоо хуваалцсан. Энэ хүмүүс гэртээ хариад хүчирхийлэл үйлдэнэ гэж бодохгүй байна. Тэгэхээр урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах нь нийгмийг тайвшруулах маш том хүчин зүйл. Соёл урлагийн төсөв гэж байгаа ч цаана нь мөн л хүүхдийн соён гэгээрүүлэх бодлого давхар яригддаг.
Хүүхэд хамгаалал гэхээр зөвхөн хүчирхийлэл биш, нарны цацраг шиг маш олон асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй. Тухайлбал, хоол хүнсний аюулгүй байдал, соёлын асуудлыг давхар хөндөх ёстой. Эцэг эхчүүд хүүхдээ хэт чихэрлэг бүтээгдэхүүнээр угжиж байна. Бага насны хүүхдүүд гаднын соёлд автаж, гадаад хэлээр хэлд орж байна. Соёлын яамтай болсны хувьд бага насны хүүхдүүдэд зориулсан монгол контент олноор нь гаргах хэрэгтэй. Хүүхэд нь англиар ярихад эцэг эхчүүд бахархаж байна. Гэтэл бид үндэстэн байх дархлаагаа алдаж буй нэг хэлбэр. Үндэсний аюулгүй байдлын асуудал шүү дээ. Монгол соёлоор хүнээ хүмүүжүүлэх бодлого алдагдаж байгаад санаа зовж байна.
2016 оноос хойш хууль эрх зүйн орчин нь бүрдсэн боловч хэрэгжилт хангалтгүй байдалд хариуцлага нэхэн хашхирах ёстой.
-Олон нийтийн сүлжээнд хүнд өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн зургийн хамт эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсэх нь их. Бид хэдий болтол хүүхдүүдээ хандиваар эмчлүүлэх вэ?
-12 жилийн өмнө Удвал охинд хандив цуглуулахаар Үндэсний өгөх өдөр хөдөлгөөнийг санаачилж байхад байдал ийм л байсан. Гэтэл өнөөдөр ямар ч өөрчлөлт алга. Удвал охин БНСУ-д очоод шинжилгээ өгөхөд шим тэжээлийн дутагдалд орсон гэсэн хариу гарсан. Тэгэхээр хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс нэр бүхий гишүүд хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар тогтоож, хэрэглээг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтод бодлогын төвшинд анхаарах шаардлагатайг л харуулж байгаа гэсэн үг.
ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БОЛ НАРНЫ ЦАЦРАГ МЭТ ОЛОН АСУУДЛЫГ БАГТААДАГ
Хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц контентуудыг телевизүүд дураараа цацаж байна. Үүнийг хүүхдүүд сэрүүн байх цагаар цацахгүй гээд бид Телевизүүдийн холбоотой хамтран долоон байгууллага хугацаагүй санамж бичиг байгуулсан ч энэ ажил төдийлөн хэрэгжихгүй байна. Нөгөө талаар Хүүхдийн төвөө сангийн хөрөнгө мөнгөнөөс амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй, аврал эрэн ард түмэндээ хандаж байгаа хүүхдүүдэд өгдөг болъё гэдэг хүмүүсийн санаачилга, саналыг би зөв л гэж харж байгаа.
Монголын ард түмэн бол халуун сэтгэлтэй, нэгнийгээ өвдөж зовж явахад хайр энэрлийн гараа сунгаж чаддаг, өвдсөн нэгнийгээ хөл дээр нь босгож чаддаг зон олон гэдэг нь олон удаагийн хандив, аянаас харагддаг. Харин цаашид энэ асуудлыг хэрхэх вэ гэдэг дээр эх хүний хувьд сэтгэлээ чилээж явдаг. Гарц гаргалгаа гаргах ёстой л гэж бодож явдаг ээжүүдийн нэг. Жилдээ зайлшгүй эмчилгээ шаардлагатай бага насны тэдэн хүүхдэд тэдэн төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэг байдлаар дүрэм журмыг нь шинэчилж яагаад болохгүй гэж.
-Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа хүүхэд хамгаалалтай холбоотой зүйл заалт тусгуулсан. Хүүхэд хамгааллын чиглэлд энэ мэт цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажил юу байна?
-Би зөвхөн УИХ-ын гишүүн болсны дараа хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлыг яриад байгаагүй. Эх хүний хувьд, эмэгтэй хүний хувьд, нийгэмд тулгамдсан асуудлаар дуугардаг байсан. Олон жилийн өмнөөс Үндэсний өгөх хөдөлгөөнөөр дамжуулан "Нүдээ нээ", “Бид бүгдээрээ адилхан” зэрэг олон олон нийгмийн акцыг зохион байгуулж, хүүхдийн төлөө дуугардаг, хүүхэд хамгааллын ажилд санаа тавьдаг байсан. Үүнээс хамгийн үр дүнтэй болсон акцуудын нэг нь "Лантуун дохио" ТББ-тай хамтран "Нүдээ нээ" хөдөлгөөний хүрээнд хүчирхийлүүлсэн хүүхэд 30 мянган төгрөг шүүх эмнэлэгт төлдөг байсан журмыг гурван сайдын тушаалаар хүчингүй болгож чадсан. Гэтэл би өнөөдөр төрийн түшээ болчихоод хүүхэд хамгааллын чиглэлд дорвитой ажил хийж чадахгүй суух юм бол гутамшиг шүү дээ.
Боловсролын ерөнхий хуулийн зорилтод “Сайн зан чанартай” иргэнийг төлөвшүүлэх тухай заалтыг тусгахаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн юм бол эдийн засаг, уул уурхай зэрэг том сэдэв ярьж, эрчүүд шиг бай гэж зарим хүн хэлдэг. Бид хүнээ төлөвшүүлээгүй байж эдийн засгийн хөгжил яриад яах юм. Үр хүүхдээ хамгаалж чадахгүй бол том бодлого яриад яах юм. Улс орны хөгжлийн бодлогын гол цөмд хүн, хүүхэд байх учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтын хэрэгжилт яг одоо яаралтай авах арга хэмжээний нэгээхэн хэсэг.
Боловсролын тухай хуульд зан чанарын боловсрол гэх заалтыг тусгахын төлөө ажиллаж байна. Мөн 2020-2024 онд Засгийн газрын үйл ажиллагааны зорилтод хөгжлийн болон биеийн тамирын хичээлийн үнэлэмжийг өгсөх тухай заасан. Энэ хүрээнд улсын хэмжээнд бүх ЕБС, цэцэрлэгийг хөгжмийн болон биеийн тамирын хичээлийн зэмсгээр хангах зорилтыг санаачлан оруулсан ч ковидын нөхцөл байдлын улмаас хэрэгжээгүй.
-Цэцэрлэгийн хүртээмжгүйн улмаас 3 хүртэл насны хүүхдээ гэртээ харж асарч байгаа аав ээжүүдэд хувьсах зардал өгч байя гэсэн саналыг та байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан. Энэ санал сая төсвийн тодотголоор дэмжигдлээ шүү дээ. Та бас зан чанарын боловсролын асуудлыг хөндөж байсан?
-Тийм ээ. Хүн ирээдүйд ямар хүн болох зан чанар нь 0-3 насанд бүрэлдэн тогтдогийг олон улсын эрдэмтэд баталсан. Энэ насанд ээжийнхээ хөхийг бүрэн хөхөж, элэг бүтэн гэр бүлд өссөн хүүхэд ирээдүйд энэрэнгүй, өрөвч, ёс суртахуунтай зэрэг сайн зан чанартай болох магадлал 70 хувьтай байдаг нь тогтоогдсон. Английн эрдэмтэн Жон Боулби дөнгөж төрсөн сармагчинд туршилт хийхээр нэгэнд нь угж зүүлгээд нөгөөхийг нь зөөлөн даавуугаар ороожээ. Дөнгөж төрсөн сармагчин угжтай сүүгээ хөхсөний дараа зөөлөн даавуутай сармагчинг тэвэрч унтсан байдаг. Энэ бол хоол болон хайр хүний анхны хэрэгцээ гэдгийг баталсан маш алдартай туршилт.
Цэцэрлэгийн хүртээмжийн тухайд 0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эцэг эхэд хувьсах зардал олгодог болохоор сая төсвийн тодотголд тусгалаа. Манай өвөг дээдэс 0-3 насны хүүхдээ хаан мэт байлга гэж гэж бидэнд сургаж ирсэн сайхан уламжлалтай. Хүнээрээ хүн хийдэг ардын уламжлал, ёс заншил, өв соёлоо бид сүүлийн 30 жилд алдсан. Тиймээс өнөөдөр нийгэмд ийм хариуцлагагүй эцэг, эхчүүд олширч хүүхдүүд гэртээ гэмтэж бэртэж, эрүүл мэндээрээ хохирч, хүчирхийлүүлж амиа алдах явдал ихсэж байна.
Тиймдээ ч Боловсролын ерөнхий хуулийн зорилтод “Сайн зан чанартай” иргэнийг төлөвшүүлэх тухай заалтыг тусгахаар ажиллаж байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 онд зорилтод хөгжлийн болон биеийн тамирын хичээлийн үнэлэмжийг өсгөх тухай заасан. Энэ хүрээнд улсын хэмжээнд бүх ЕБС, цэцэрлэгийг хөгжмийн болон биеийн тамирын хичээлийн зэмсгээр хангах зорилтыг санаачлан оруулсан ч ковидын нөхцөл байдлын улмаас хэрэгжээгүй. Энэ ажлыг ирэх жил хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа.
-Завхан аймаг хүүхэд хүчирхийлэлгүй анхны аймаг болохоо зарласан. Энэ бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ. Бусад аймгууд энэ жишгээр явахын тулд аймгийн удирдлагатай хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Завханд анх удаа аймгийн хүүхдийн зөвлөлийн өргөтгөсөн хурлыг хийсэн. Хүүхэд хамгааллын чиглэлээр одоо, дунд хугацаандаа, ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлого, гарц шийдлүүдийг энэ хурлаар танилцуулсан юм. Завхан нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй ганц аймаг байсан үе саяхан. Хүүхэд хамгаалал, ёс зүйгээрээ нэгдүгээрт байх саналыг дэвшүүлэхэд аймаг, орон нутгийн удирдлага 100 хувь дэмжсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ч төсөв хэрэггүй.
Сэтгэл байхад хангалттай. Тэр хүмүүс бүгд эцэг, эхчүүд шүү дээ. Энэ дашрамд Завхан аймгийн Засаг дарга, 24 сумын Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нартаа талархал илэрхийлье. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад соён гэгээрүүлэх ажлыг хийнэ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.