2022.05.09
Дорнод аймагт "Ажилтны тавдугаар урлагийн наадам" боллоо
Тэртээ 1981 онд МҮЭ-үүдийн төв зөвлөлийн шийдвэрээр "Ажилтны анхдугаар наадам"-ыг санаачлан зохион байгуулж байсан нь иргэдэд соёл урлагийн болон гоо зүйн боловсрол олгох, эгэл жирийн хөдөлмөрчдийн урлаг соёлын идэвхийг өрнүүлэх, эв нэгдлийг хангуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Тэгвэл өнөөдөр Дорнод Аймгийн хөгжимт драмын театрт "Үйлдвэрчин түмний дуулал ажилтны урлагийн наадам"-ыг Дорнод Аймгийн ҮЭ-ийн холбооноос Монголд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөн 105, Үндэсний төв байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд санаачлан зохион байгуулж байна. Энэхүү наадамд Дорнод Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ҮЭ-ийн гишүүн байгууллага, тэдгээрийн нийт гишүүд оролцож байна.
Урлагийн наадмын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, тус аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Х.Баатарсүх, МҮЭСТО-ны захирал Мөнхбаяр, Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын дарга Л.Наранхүү нар нээлтийн үг хэлж, ажилтны урлагийн наадмын үр дүн ач холбогдлыг онцолж байсан юм.
Тус наадамд мэндчилгээ, хамтлаг дуу, гоцлол бүжиг, дуу, жүжигчилсэн тоглолт, (Хөдөлмөрийн тухай, ХАБЭА-н тухай хууль) асуулт хариултын тэмцээн гэсэн таван төрлөөр 1, 2, 3, тусгай байрын өргөмжлөл, 300, 600, 800, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, шилдэг 6 номинацийн эздэд тус бүр өргөмжлөл мөнгөн шагналыг гардуулах юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn