2022.03.24

Х.Булгантуяа: Хаягжилтын асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Монгол Улсын иргэн болгоны үнэмлэх солигдохтой холбоотой нууцлалын асуудал яригдах нь зөв. Цар тахлын үед Ковидын шинжилгээ авахдаа утасны дугаар, нэр, гэрийн хаяг асуудаг. Бидний мэдээллийг мэдсэн хүн хаанаас ч тухайн иргэний талаарх мэдээллийг авах боломж бүрдэж байна. АНУ-д "SOCIAL SECURITY NUMBER" гээд сүүлийн хэдэн оронг л хэлдэг. Хувь хүний гэрийн хаягийг ч нууцалдаг.

Иргэдэд хүнд суртал багатай байдлаар эдгээр ажлаа зохицуулж төлөвлөх хэрэгтэй. Өнгөрсөн оны сүүлчээр 4 дүүрэг 30 хороог шинээр байгуулсан. Тухайн 30 хорооны иргэд гэрийн хаяг нь өөрчлөгдсөн гэдгээ мэдэхгүй явах магадлалтай. Нэг өдөр төрийн үйлчилгээ авах гээд очиход та манай хороонд бүртгэлгүй байна гэвэл тухайн иргэн бухимдана. Тиймээс гэрийн хаягын дагуу иргэний үнэмлэхийн шинэчлээд шуудангаар явуулах төлөвлөгөө байна уу?

Дээрх асуудлын хүрээнд хаягжилтын асуудлыг хэзээ хэрхэн хийх вэ?

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.