2018.05.31

М.Билэгт:Газрыг үл хөдлөх эрхэд бүртгэнэ гэдэг эрсдэлтэй

ИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Хуулинд газар эзэмших эрхийн талаар байна. Бодит байдал дээр хууль зөрчөөд газар дээр юм барчихсан байхад түүнийг буулгаж чадахгүй байна. Хууль ийм байхад газар эзэмших эрхийг үл хөдлөх эрхэд бүртгүүлнэ гэдэг эрсдэлтэй. Өнөөдрийн байдлаар мэдээлэлд ойрхон хүмүүс маш их хэмжээгээр газар авсан. Үүнийгээ барьцаанд тавиад явчихвал эрсдэл бий болно. Төрийн байгууллага тогтвортой биш байхад энэ асуудалд ингэж хандаж болохгүй. Газар дээр маш хариуцлагатай хандах ёстой. Энэ заалтууд дээрээ анхаараач ээ.

Ажлын хэсэг: Өнөөдрийн байдлаар газар эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдол газрын тухай болон бусад хуулиар зохицуулагдаж байгаа. Газрыг өмчлөх эрхтэй холбож болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Газрын хуулийг оруулах үед энэ асуудалд анхаарна.

УИХ-ын  гишүүн Ц.Мөнх-Оргил : Хууль өргөн барихад зөрчилтэй асуудал гарсан. Гэхдээ газар эзэмших нь бүртгэгдэнэ. Харин эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх асуудлыг дараа хууль орж ирэхэд зохицуулах юм.