Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг буцаалаа
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоох бөгөөд иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэхээр тусгах, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг суурь зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
Харин хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.
Байнгын хороо хуулийн төслийг 2018 оны 01 сарын 23-нд хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн газраас салгах, Монгол шуудангийн үйлчилгээг бүртгэл мэдээллийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат бүртгэлийн хуулиудыг багцаар нь хэлэлцэх, нэг ажлын хэсэг байгуулж, уялдаа холбоотой ажиллах, УИХ-ын гишүүн Н.Оюундарь улсын бүртгэлийн тогтолцоог нэгдмэл байлгах, орон нутагт бүртгэлийн зарим үйл ажиллагааг шилжүүлэх, улсын бүртгэгчийн үүрэг, хариуцлагыг сайжруулах гэсэн саналуудыг тус тус хэлжээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон ихэнхи гишүүд хэлэлцэхийг дэмжсэн байна.