Монгол дахь эмэгтэйчүүдийн амьдралын чанар хангалтгүй үзүүлэлттэй байна
НАМЭХ-оос санаачлан Фридрих-Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол дахь эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг хэмжиж, үндэсний хэмжээнд хэрэгжихүйц бодлогын зөвлөмж гаргах зорилгоор нийслэл болон 21 аймгийг төлөөлөхүйц 1110 эмэгтэйг хамруулсан судалгаа хийгдлээ.
Энэхүү судалгааны үр дүнг тоймлож дүгнэвэл Монгол дахь эмэгтэйчүүдийн амьдралын чанарын үзүүлэлтүүд хот, хөдөөд төдийлөн ялгаагүй хангалтгүй үзүүлэлттэй гарсан байгааг онцоллоо.
Улаанбаатар хотын хувьд илүү агаар орчны бохирдол ихтэй байгаа нь хүүхдийнх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна. Эмэгтэйчүүдийн хамгийн гол анхаарч буй асуудлууд нь тэдний үр хүүхдийн амьдрах орчин сайн байх, мөн өөрсдийн ажил хөдөлмөр эрхлэх, санхүүгийн хувьд хараат бус байх боломжийг илүү бүрдүүлэх шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас үүдэн гэртээ хүүхдээ харах, улмаар ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарладаг. Энэ нь санхүүгийн бие даасан байдалд нь нөлөөлдөг. Цаашлаад улс төр, нийгмийн идэвхитэй оролцоонд нь ч хязгаарлалт бий болгодог байдлууд харагдаж байна.
Судалгааны үр дүнгээс ганцхан жишээ хэлэхэд цар тахлын үед судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн ¼ нь санхүүгийн байдал сайжирсан байгаа. Шалтгаан нь мэдээж ар гэрийн дуусахгүй их ажил улам нэмэгдэж байгаа ч хүүхэд харах, асрах хүн гэрт нь хамт байгаа тохиолдолд тэд ажлаа ямар ч нөхцөлд хийж чадаж байгааг харуулж байна.
Тэгэхээр судалгааны үр дүнд үндэслэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, нийгэм улс төрийн оролцоо, идэвхийг хязгаарлаж буй үндсэн суурь асуудал шалтгаан болох сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, хүүхдийн асран харах асуудалд Финланд улс шиг аав ээжийн ижил тэгш оролцоог бүрдүүлэх, эмэгтэйчүүдийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрийн үнэлгээг тооцох аргачлалыг боловсролгуй болгох, гэртээ хүүхдээ харж асарч, дээр нь хувиараа эсвэл зайнаас ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, нийгмийн даатгалыг бодлогоор шийдвэрлэх зайлшгүй шаардлагууд байгааг анхаарч, эдгээр асуудлуудын хүрээнд цаашид холбогдох яамдууд болон УИХ бодлогын түвшинд авч үзэх ёстой байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэхүү судалгааг зохион байгуулахад идэвхитэй оролцсон НАМЭХ-ны эмэгтэйчүүддээ талархал илэрхийллээ.