ОСНАА салбарын эмэгтэйчүүдийн хорооны гишүүдэд сургалт хийлээ
МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооноос ОУХБ, Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалт явуулахаар бэлтгэгдсэн сургагч багш нарын сургалт үргэлжилж байна.
Сургалтын нээлтэд МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг, ОСНААҮА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам нар оролцож, “Эмэгтэйчүүд, тэгш эрх, жендэрийн асуудал нь ҮЭ-ийн ажлын томоохон хэсэг болдгийг онцолж, үүнд тухайн шатны эмэгтэйчүүдийн хороо, хэсгийн дарга нар чухал үүрэгтэй” гэлээ. Сургалтын хөтөлбөрийн дагуу Жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, Жендэрт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал сэдвээр Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбооны дэд дарга, сургагч багш П.Уранчимэг, Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох тухай зохицуулалт, Эмэгтэй ажилтны хөдөлмөр эрхлэлт Хуулийн зохицуулалт, Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан зохицуулалт сэдвээр Дорнод аймгийн ҮЭХ-ны тэргүүлэгч, сургагч багш С.Оюунчимэг нар хичээл заалаа.
Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэрхэн ялгаатай хүлээж авдаг, ойлгож төсөөлдөг талаар багаараа ярилцаж, хариултыг эрэгтэй болон эмэгтэй хүн гэсэн баганад жагсаах, нийгмийн өөрчлөлт, хөгжлийн явцад энэхүү ялгаа хэрхэн өөрчлөгдөж байгааг тодруулж, огт өөрчлөх боломжгүй ялгааг гаргаж ирэх зэргээр дасгал ажиллаж, асуулт хариулт зохион байгуулснаар тус сургалт амжилттай зохион байгуулагдлаа.