2022.01.07
МҮЭ-ийн холбооны удирдлагууд аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын дарга нартай цахим уулзалт хийв
/2022.01.07/-нд МҮЭ-ийн холбооны удирдлагууд аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбооны дарга нартай цахимаар уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны зүгээс хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч мэдээллийг өглөө. Тодруулбал аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын дарга нарт хандан МҮЭ-ийн холбооноос 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа яаралтай ирүүлэх, МҮЭ-ийн холбооны “Хөгжлийн хөтөлбөр”-тэй уялдуулж хөтөлбөрөө боловсруулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн гэрээ, Хамтын гэрээний жишиг загварт өөрийн орон нутгийн болон аж ахуйн нэгж, байгууллагын онцлогтой уялдуулан Хамтын гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллахдаа холбогдуулан хуулийн нэмэлт өөрчлөлтөд гишүүн байгууллагуудын нэгдсэн саналыг хүргүүлэх, ТҮ-I-III зэрэглэлийн ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлыг Аймгийн гурван талт хамтын хэлэлцээрт тусгах зэрэг асуудал болон МҮЭ-ийн холбооны зүгээс ойрын үед авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэлээ.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын татварын өр, санхүүгийн тайлантай холбоотой мэдээлэл, МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатын хийсэн мэдээлэлд тулгуурлан хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг танилцууллаа. Тэрээр “ТҮ-1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудын ажлын байрны баталгааг хангах асуудалд Засгийн газраас гаргасан шийдвэр бодит хөрсөнд хэрхэн хүрч байгаа мэдээллийг шуурхай бүрдүүлэх хүрээнд МҮЭ-ийн холбооны орон нутаг болон салбар хариуцсан орон тооны бус дэд ерөнхийлөгч нарт нарийвчилсан судалгаа хийх үүрэг өгсөн. Мөн 2020 онд сумын ҮЭ-ийн холбоог бэхжүүлэх хөтөлбөрийг МҮЭ-ийн холбооноос баталсан. Энэхүү хөтөлбөрт саналаа ирүүлэх, аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад чадавхжуулах сургалтын саналаа ирүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолж байсан юм.
Мөн энэ үеэр аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын дарга нарын зүгээс МҮЭ-ийн холбооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа илэрхийлж байв. Тухайлбал ҮЭ-ийн үйл ажиллагааг орон нутагт явуулахад тулгамддаг хүний нөөц, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх сургалтыг аймаг, нийслэл тус бүр мөн бүсчлэн зохион байгуулах, “ҮЭ-ийн багш арга зүйч” нарыг систем бэлтгэх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах цахим контент бэлтгэх сургалтыг аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулах, МҮЭ-ийн холбооны дүрмийн төслийг батлах Ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хурлыг хуралдуулах бэлтгэл ажлыг хангах, дүрмийн төслийн ажлын хэсгийг шинээр байгуулах, УИХ, Засгийн газарт цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудалд анхаарал хандуулах, МҮЭ-ийн холбооны удирдлагын шинэ бага мөн гишүүн байгууллагуудын төлөөлөл Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзаж, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд авах арга хэмжээний тухай 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг шаардах энэ хүрээнд аймаг нийслэлийн Засаг дарга болон ажил олгогчдын төлөөлөлтэй хамтран гурван талт цахим уулзалтыг шуурхай зохион байгуулах зэрэг саналыг хэлж байсан юм.
Уулзалтын төгсөлд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын саналыг хүлээж авч байгаагаа илэрхийлж МҮЭ-ийн холбооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүргүүлэх саналаа албан бичиг болон мэйлээр ирүүлэхийн хүсэж аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын дарга нартай хийх уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж шуурхай ажиллахаа илэрхийлж байв.