2022.01.31
УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайдад асуулга тавилаа
Нийгэмд эргэлзээтэй байдаг 4 асуудлаар асуулга тавьж байна. Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн асуудал бол ер нь улс төржүүлсэн, хэн нь үнэн худал яриад байгаа нь үл мэдэгдэх бүрхэг сэдэв болж дууслаа. Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад хандан дараах 4 асуудлаар АСУУЛГА тавьж байна.
- 2019 онд татан буугдсан Капитал банканд байршуулж байсан нийгмийн даатгалын 104.2 тэрбум, эрүүл мэндийн даатгалын 136.1 тэрбум, нийт 240.3 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлсэн тайлан, энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар;
- Үндэсний аудитын газраас 2020 онд “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн” сэдвийн хүрээнд хийсэн аудитын дүгнэлтийн 1.115-д дурдсан “Ашиг, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байж болзошгүй” гэсний дагуу холбогдох албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцсон эсэх талаар;
- Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 2012 оноос өдийг хүртэл арилжааны банкуудад байршуулахдаа ямар шаардлага, шалгуурыг баримталсан талаар;
- Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн менежментийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар зэрэг асуудлыг албан ёсоор тодруулж Монгол Улсын Ерөнхий сайдад АСУУЛГА тавьж байна.
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn