Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно
Цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг хамгаалахын тулд:
- хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх,
- цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 4.4 их наяд төгрөгийг зарцуулж,
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан эдийн засаг өнгөрсөн оны 3-р улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарч чадлаа.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66.7% нь бүрэн тунд, зорилтот бүлгийн 52% нь 3-р тунд, 78,345 иргэн 4-р тунд хамрагдсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоолгүйгээр эдийн засгаа үе шаттай идэвхжүүлэх суурь нөхцөл бүрдэж, Монгол Улсын 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 102.7 хувийн биелэлттэй, үүнээс нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давсан.
Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ОюуТолгой Гүний уурхай ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх шанг татаж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг мэдээлэл болж чадлаа.
Хэдий тийм боловч тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно.
Дөнгөж идэвхжиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Цар тахлын хүндрэлээс үүдэн хилийн боомтууд бүрэн нээгдээгүй төдийгүй олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширсан хямралт нөхцөл байдал цаашид дэлхий даяар хэр удаан хугацаанд үргэлжлэхийг бүрэн тооцох боломжгүй, цар тахлын хувилбар ч хэдэн удаа хувьсан өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.
Гэхдээ цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн хамгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг Засгийн газар хүлээн авч, энэхүү шийдвэрийг гаргалаа. 2022 оны 02 сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөг хүртэл өсгөж, 500,000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээгдсэн төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг хэмээн үзэж байна...
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn