Тэтгэвэр нэмэх нь зайлшгүй шийдвэрлэвэл зохих чухал асуудлын нэг
Олон жил ажиллаж, хөдөлмөрлөж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, ихийг хийж бүтээсэн ахмадууд, настан буурлуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх, ялгавартай байдлыг арилгах асуудал олон жил яригдаж байгаа ч цар тахлаас үүдсэн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, өнгөрсөн жилүүдэд нэмэгдүүлэх боломжгүй байсаар өдийг хүрсэн.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзах үеэрээ нийгмийн зорилтот бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосны дагуу МУ-ын Засгийн газраас УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр тэтгэвэр нэмэгдүүлэх төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьлаа.
Үүнд:
- Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөг хүртэл, - Хувь тэнцүүлсэн доод хэмжээг 400,000 төгрөг хүртэл,- 500,00 төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх, - Халамжийн тэтгэвэр болох 188,000 төгрөгийг 288,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Хэдийгээр улс орны засаг хүнд байгаа боловч цар тахлын сөрөг нөлөөнөөс үүдсэн бараа бүтээгдэхүүний хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлт буюу инфляцид тэтгэврийн насны ахмадууд маань хамгийн ихээр өртөж байгаа юм.
Тиймээс Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх нь УИХ-ын гишүүдийн хувьд зүй ёсны, зайлшгүй шийдвэрлэвэл зохих чухал асуудал гэж үзэж байна.
Цаг үеийн шаардлагатай нийгмийн чухал асуудлыг анхаарч, энэ асуудлаар Засгийн газарт анхаарч ажиллах чиглэл өгсөн МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд талархал илэрхийлье.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn