2022.01.06

Н.Наранбаатар: Төрийн ямар ажил үйлчилгээнүүдийг холбоодоор хийлгэхээр зохицуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: ТББ-ийн тухай хууль орж ирж байгаа нь сайн хэрэг. Гол зорилго нь замбараагүй байгаа холбоодыг цэгцэлж, журманд нь оруулах гэсэн зорилготой байгаа гэдэгт итгэж байна.

Эхний асуулт бол төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн болон бусад холбоодоор нь хийлгэх үр дүнтэй байдаг. Тухайлбал олон нийтэд нөлөөлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг холбоодоор нь зохион байгуулбал, спорт урлагийн арга хэмжээ, аянууд сургалтын арга хэмжээг холбоонуудтай нь гэрээ байгуулж хийлгэх нь үр дүнтэй байдаг.

Тиймээс энэ хуульд төрийн ямар ажил үйлчилгээнүүдийг холбоодоор хийлгэхээр зохицуулав, ямрыг нь хориглов?

Төрийн чиг үүргийг холбоодоор гүйцэтгүүлэхдээ ямар шаардлага тавих юм бэ? Ямар хууль эрх зүйн хүрээнд сонгон шалгаруулах юм бэ?. Магадгүй нэг ажил үйлчилгээ, нэг удаагийн ажлыг холбоодоор гүйцэтгүүлэхэд амар байдаг. Хэд хэдэн холбоо санал ирүүлбэл яаж шалгаруулж, яаж эрэмбэлж дугаарлах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Дараагийн нэг асуулт нь, нэг чиглэлээр маш олон холбоо үүсч, үүсгэн байгуулж явдаг, давхардсан холбоодыг нэгтгэх, цэгцлэх чиг үүрэг, зорилго байгаа юу?

Тухайлбал, аймаг орон нутагтаа ахмадынхаа холбоотой хамтраад гэрээ байгуулан ажиллая гэхээр Монголын Ахмадын холбоо, Монголын Чөлөөт ахмадын холбоо гэх мэтчилэн олон холбоонууд гарч ирж бүгд гэрээ байгуулан ажиллана гэдэг.

Энэ нь цаашид тухайн бүс нутагтаа байгаа ахмадуудаа хуваах хагалах асуудал үүсгэдэг. Манай жинхэнэ холбоо нь гээд хооронд нь асуудал үүсч, төрийн байгууллага алинтай нь ажиллахаа сонгоход хэцүү болж, нэгэнтэй нь хамтран ажиллах гэрээ байгуулахаар нөгөөдүүл нь гомддог.

Нэг хүн маш олон ТББ, холбоодын гэрчилгээ, тамга удирдлагыг барьчихсан явдаг. Үүнийгээ дагаад тэр чиглэлийнхээ салбарын хүмүүсийг хооронд нь талцуулдаг учраас холбоог үүсгэн байгуулах, тэргүүнийг нь сонгох, эрхийг нь өгөхдөө үүнийг харгалзан үзэх асуудал хуулинд туссан уу?

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хариулав.