2022.01.06

Б.Энх-Амгалан: Олон улсын байгууллагын санхүүжилт өнгөт хувьсгалын эх үндэс болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Энэ хуулийг боловсруулахдаа улс орны аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн тогтвортой байдлыг бодож үзсэн үү?

Манай улсад 21040 Төрийн бус байгууллага байна. Үүнээс 406 нь тайлангаа өгч байна. 8578 ТББ нь үйл ажиллагаа явуулж, 5734 огт үйл ажиллагаа явуулдаггүй, 3440 нь үйл ажиллагаагаа зогсоож, 63 нь хаяг тодорхойгүй. Нийт ТББ-ын 81 хувь нь нийгэмд, 13 нь гишүүддээ үйлчилж байна. Санхүүжилтын хувьд 3.9 хувь нь гишүүний татвараас, 21.4 дотоодын хандив, 67.7 хувь нь олон улсын байгууллагынх байна. Боловсрол, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийг яагаад олон улсын байгууллагад нээгээд өгсөн юм бэ? Энэ чинь өнгөт хувьсгал болохын эх үндэс болно.

ТББ-ын үндсэн үүрэг нь сайн дураар байгуулагдах, төр болон бизнесийн үйл ажиллагаа эрхлэхгүй, ашгийн төлөө бус байх ёстой. Гэтэл яагаад татварын хөнгөлөлт үзүүлнэ, хандивлагч байгууллагаас тусламж авна, 77 хуульд өөрчлөлт оруулна, эдийн засгийн холбоо байгуулна, иргэний нийгмийг дэмжих зөвлөл байгуулна гэж зааж байгаа юм бэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.