2022.01.06
Г.Мөнхцэцэг: Гадаадын ТББ-тай хамтран ажиллахад монголыг төлөөлөх эрх бий юу гэж асуудаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Төрийн бус байгууллагын алдаа дутагдлыг нэг чиглэлд авч явах эрх зүйн баримт бичиг учир зарчмын хувьд Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг дэмжиж байна.
Хуулийн үндсэн асуудал бол дэмжлэг үзүүлэх ёстой. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 8578 ТББ-аас тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь уран бүтээлийн мэргэжлийн холбоод юм аа. Тухайлбал, Монголын зохиолчдын эвлэл 1929 оны 1 сарын 09-нд байгуулагдсан. Бүхий л цаг үед соён гэгээрүүлэх үндсэн үүргээ гүйцэтгэж ирсэн. Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх тухай зүйл заалт бий юу?
Гадны төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар Монголыг төлөөлөх эрх бий юу гэж асуудаг. Тиймээс энэ хуулиар эвсэл, холбоод гадаадын улсад Монголоо төлөөлөх эрх нээгдэж байна уу?
Хуулийн бичиглэл дотор анхаарах зүйл их байна. Хуулийн нэр томъёо болох холбоо гэдэг үгийг анхаарах хэрэгтэй. Дотор нь эвлэл, холбоод гэх мэтчилэн бичсэн байна. Үүнийг стандарттай болгох зохицуулалт бий юу?
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.