Иргэдийн цаг хугацааг хэмнэж, хүнд суртлыг халах хуультай боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж байсан юм. Энэ хуулийн төсөл 2021 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар батлагдлаа.
Иргэдийн хувьд хүнд сурталгүй, хурдан шуурхай төрийн үйлчилгээ авах нэг том шийдэл бол цахим үйлчилгээ юм. Манай улсад бүх төрлийн үйлчилгээ цахим шилжилтэд бага багаар шилжиж байгаа ч өнөө дрийг хүртэл хүнд суртал, төрийн үйлчилгээний шуурхай байдал иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй үргэлжилсээр байна. Үүнийг шийдэх нэг гарц бол цахим гарын үсгийн хэрэглээг амьдралд бодитоор хэрэгжүүлэх ажил юм.
Хэдийгээр манай улс 2011 онд Цахим гарын үсгийн тухай хуулийг баталж, хэрэглээнд нэвтрүүлэх гэж оролдсон ч иргэдийн хувьд нийгмийн даатгалын тайлан өгөх, төрийн худалдан авах ажиллагаанд оролцохдоо хэрэглэхээс хэтрээгүй байгаа нь өнгөрсөн 9 жилийн хугацаанд нийт 38407 тоон гарын үсэг олгогдсон жишээнээс харж болох юм.
Харин шинэчилэн найруулсан Цахим гарын үсгийн тухай хуулиар тоон гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зорилт дэвшүүлж, Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, иргэний үнэмлэхийн санах ойд нь тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицуулжээ. Мөн хүн, хуулийн этгээд тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхээс гадна хүн, хуулийн этгээдийн хэрэглэх бусад цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй байхаар заасан байна.
УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Учрал:
“Хууль хэрэгжсэнээр тоон гарын үсэг уншдаг хэрэгслийн тусламжтай дуртай компьютерт залгаж иргэд гарын үсгээ уншуулж баталгаажуулах боломжтой. Иргэн бүр ийм гарын үсэгтэй болсноор нийгмийн даатгалын тайлан өгдөгтэй ижилхэн хэрэглэх боломж бүрдэнэ. Түүнчлэн УБЕГ иргэн бүрээ иргэний үнэмлэх нь дээр нь тоон гарын үсэгтэй болгоно. Үүний давуу тал нь төрийн үйлчилгээ шуурхай явагдана, заавал цаасаар гэж шаардахгүй бол цахимаар бичиг баримтаа авч болно. Монгол улсын хөгжил цахим хөгжлөөс ихээхэн шалтгаална. Иймд Засгийн газар, Соёлын яам ард иргэдэд тоон гарын үсгийн ач холбогдол, тоон бичиг соёлын хэрэглээг өргөн дэлгэр сурталчлахад анхаарч ажиллахаас гадна Төрийн байгууллагын манлайллаар энэ асуудал шийдэгдэх юм”
- 2011 оноос хойш нийт 30399 тоон гарын үсгийн гэрчилгээг иргэн, хуулийн этгээдэд олгосон байна.
- Шинэ хуулиар 16 нас хүрсэн Монгол улсын иргэн бүр цахим гарын үсэгтэй болно
Цахим гарын үсгийн тухай хуулийн гол гол зохицуулалтыг тоймловол,
Цахим гарын үсгийн тухай хуулиар гэрчилгээний хүчинтэй хугацааг 2 жил хүртэл байхаар Иргэн, хуулийн этгээдэд олгох гэрчилгээний хугацаанд ямар нэгэн ялгаа тогтоолгүй олгож, тэр бүрдээ гэрчилгээний үнэ буюу тоон гарын үсэг болон тоон гарын үсгийн хэрэгсэл, үйлчилгээний хөлс авч байгааг өөрчилж, гэрчилгээг иргэнд 5 жил, Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд 3 жилийн хугацаагаар олгохоор тус тус зохицуулжээ. Түүнчлэн гадаадын иргэн хүсэлт гаргаж тоон гарын үсэг авч болох зохицуулалтыг шинээр тусгаж, түүний оршин суух хугацаагаар, эсхүл 5 жилээс дээш хугацаагаар оршин суух бол гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор оруулсан байна.
Мөн гадаад улсын гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх тохиолдлыг гадаад улс орнуудын жишигт нийцүүлэн өөрчилж, гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллага нь энэ хууль, холбогдох журамд заасан шаардлагыг хангаж байгаа талаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарсан, Монгол Улстай байгуулсан олон улсын гэрээгээр гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллагын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн байх нөхцөлийг тусгасан байна.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ:
“Цахим гарын үсгийг нэвтрүүлж, иргэн таны цаг хугацааг хэмнэж, хүнд суртлыг халах цахим хувьсгал хийнэ. Цахимаар ажлаа амжуулна. Цахим хөгжил салбар бүрийн асуудал тийм болохоор хоорондын уялдааг сайн хангаснаар Монгол улс нэг бодлоготой болж байна”
Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд төрийн үйлчилгээ шуурхай болж, төр үүргээ хүлээж, иргэд хяналтаа тавих боломжтой боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn