2021.12.28
Д.Батлут: Монгол Улсад үр өгөөжтэй төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.12.28/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2021.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
"Монгол Улсын гадаад өр 2021 оны эхний хагас гэхэд 33 тэрбум болж өсчээ. Хөгжиж буй орнуудтай харьцуулахад хурдацтай өссөн байна. Энэ байдал нь урт хугацаандаа сөрөг богино хугацаандаа эерэг нөлөө үзүүлнэ. Өрийн үйлчилгээнд төлж байгаа төлбөрөөс хамаарч экспортын орлогын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт хумигддаг. Тэгэхээр бид зээлийн хүүний зардлаас илүү үр өгөөж өгөх төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байж эдийн засгийн сөрөг нөлөө буурна гэж харж байна. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогод байгаа төсөл хөтөлбөрүүдээс үр өгөөжтэй төсөл нь аль вэ? гадны зээлээр хэрэгжүүлэх төсөл бүр үр өгөөжтэй юу? баланс нь хэрхэн гарч байна вэ?
Бид олон чиглэлд хос морьтой, солонгоруулан ажиллах ёстой. Уул уурхайгаас шууд хамааралтай эдийн засагтай. Тиймээс ШУ, технологийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид импортлогч бус экспортлогч орон болохын төлөө зорих ёстой. Энэ төсөлд байгаа мэдээллийн технологи, инновацын чиглэлд эрдэмтэн, мэргэжилтнээ ашиглан стартап эхлүүлэх, ажиллах, төсөл хэрэгжүүлж болохгүй байгаа юм уу?
Тогтоолын төсөлд баяжуулах үйлдвэрлэлүүдийг дэмжинэ гэсэн байна. Одоо үйлчилж байгаа хуулиар давхар татвар аваад байгаа. Энэ эрхзүйн орчинг өөрчлөхгүйгээр яаж энэ үйлдвэрлэлээ дэмжих гэж байна вэ? Монгол Улсад алсдаа өгөх өгөөжийг илүү харах нь зүйтэй гэж би бодож байна."
Түүний асуултанд Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn