2021.12.14
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг төслийг боловсруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Засгийн газрын Ажлын хэсэг “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Оюу толгой” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээний явцын талаар Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Оюу толгойн асуудлаарх УИХ-ын Түр хороотой хамтарч ажиллахыг үүрэг болголоо.
- Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сард багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааны талаар танилцуулав.
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн боомтуудаар нэвтрэх автозам болон төмөр замын ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
- 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-нд “Ковид-19” халдварын нийт 1469 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 786 тохиолдлоор буурчээ. Нийт хүн амын 70 хувь нэгдүгээр тунд, 66 хувь хоёрдугаар тунд, 25 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.
- Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын талаар танилцууллаа.
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд олгов.