2021.11.18

Ц.Туваан: "Түүхий" хуулиа эргэж харах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Шүүгчдийн хувь заяаг дэнслэх, улс төрөөс хараат бус байлгах чухал томилгоо юм. Хариуцлага алдсан этгээдийн толгойг илж, хариуцлагаас чөлөөлж болохгүй. Ямар нэг даргын захиалгаар гэм буруугүй хэн нэгнийг гүтгэж доромжилж болохгүй ийм зөвлөлийн гишүүдийг өнөөдөр томилох гэж байна.

УИХ-аас нэлээд хуулийг батлаад гаргасан. Тэдгээр хууль нь хэр устай, түүхий байгаа нь энэ дээр харагдаж байна. Баталсан хуулиудаа амьдралд хэр зэрэг нийцэж байгааг харах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хяналт шалгалтын тухай хууль орж ирсэн. Тус хууль нь батлагдсан хуулиа бодит нөхцөл байдалд хэр зэрэг мөрдөгдөж байгаа эсэхийг тогтооно гэж ойлгож байна. Богино хугацаанд цөөн заалттай хууль орж ирээд батлагддаг. Энэ нь эргээд онигоо болгож байна.

Нэр дэвшигчдийг ажилласан жилтэй нь холбож яллах шаардлагагүй байх. Туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээ дэмжсэн нь зөв.