2021.10.25

Хог хаягдлыг ангилах, дахивар хаягдлыг цуглуулахын ач холбогдолыг таниулах өдөрлөг боллоо

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд  иргэдэд хог хаягдал ангилан ялгах соёлыг түгээх, оршин суугчдад хог хаягдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг танилцуулах, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллийг таниулах “Эерэг давалгаа” өдөрлөг боллоо. 

Тус өдөрлөгийг Швейцарын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Ахуйн Хог Хаягдлын Цуглуулалт,Тээвэрэлтийн Менежмент Төсөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, “Хоггүй Монгол” ТББ-ууд хамтран зохион байгуулж байна. Үйл ажиллагааны нээлтэд  ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар,  Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, менежмент төслийн дэд Захирал Ц.Энхчимэг, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, менежмент төслийн техникийн менежер Б.Дэлгэрбаяр нарын хамт оролцлоо. 

Тус өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн хог тээвэрлэлтийн компаниуд болон дахивар хог ангилан, худалдан авах төрийн бус байгууллагууд оролцож Сонгинохайрхан дүүргийн иргэдэд өөрсдийн үйл ажиллагаа болон хог хаягдлыг ангилан ялгах үйл ажиллагааг танилцууллаа. Иргэд өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон гэртээ ангилсан дахивар хаягдал болох хуванцар сав, лааз, шил, гялгар уут зэргийг авчран тушааж байв. Мөн Ерөнхий боловсролын Хөгжил цогцолборын сурагчид анги, бүлгээрээ хамтран дахивар хаягдлаа цуглуулан тушааж байгаа нь өнөөдрийн арга хэмжээнд өнгө нэмлээ. Хүүхэд, багачууд багаасаа хог ангилахын ач тусыг ойлгох нь ирээдүйд хогоо ангилж сурсан олон иргэдийг төрүүлэх юм. 

Мөн өдөрлөгийн үеэр дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар “Өгөөмөр өдөрлөг”-ийн хүрээнд хороод, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандивын зүйлсийг төслийн багт хүлээлгэн өглөө.

Төслийн хүрээнд сонгинохайрхан дүүрэгт хийж байгаа ажлуудыг танилцуулъя:

  • Хоёр, гуравдугаар хорооны 500 өрхөд ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Одоогоор 150 айлд суурилуулаад байна. 
  • Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх Солонгосын Улсын Хьюндай маркын тусгай зориулалтын автомашиныг арваннэгдүгээр сард гардуулах болсон. 
  • Тус төслийн хүрээн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн төвлөрсөн  хогийн цэг дээр хог хаягдал ангилан ялгах үйлдвэр баригдах ажлыг эхлүүлсэн. Одоогоор уг төслийн газар, төсвийн судалгаа хийгдэж дууссан. Хог ангилан ялгах үйлдвэрийн ажил эхлээд явж байна. 
  • Дүүргийн 2, 3-р хороодын нутаг дэвсгэрт үүсмэл хогийн цэг үүсэж болзошгүй нийтийн эзэмшлийн талбайд 13 камер суурилуулсан. 
  • Төслийн хүрээнд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт Чанарын менежментийн удирдлага ICO 9001 2015 стандартыг нэвтрүүлж эхэлсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn