Шадар сайд ОХУ-ын засгийн газрын орлогч даргатай албан уулзалт хийлээ
2021.10.25

Шадар сайд ОХУ-ын засгийн газрын орлогч даргатай албан уулзалт хийлээ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийж байна.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард түмнүүдийг сайн хөршийн харилцан итгэлцэл, хүндлэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг хэмээн онцолсон бол ирэх 100 жилд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр зам болон ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Түүнчлэн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиров.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хамаарлаас ангижруулах, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг дэвшүүлсний зэрэгцээ Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэж, ОХУ-ын зүгээс тогтмол дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улс-Евразийн эдийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр чухал нөлөөтэй учраас хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд дүгнэхээр талууд тогтлоо.