2021.08.27

Хархоринд эрүүл мэндийг дэмжих төв байгуулж, 1.8 тэрбумын тоног төхөөрөмжөөр хангана

УИХ-ын гишүүн С.Чинзориг Нийгмийн бодлогын байнгын хороонд санал тавьж, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумдад ажилласан. 

Ажлын хэсэг Хархорин суманд ажиллах үеэр тус сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан, албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонссон юм.

Тус сумын Нэгдсэн эмнэлэг 1994 онд хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдаж, ашиглалтад орсноос хойш нэг ч удаа их засвар хийгдээгүйн улмаас үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэхэд хүндрэлтэй байгааг эмч ажилтнууд учирлаж байлаа.

Тэгвэл, Арвайхээр, Хархорин суманд ажиллаж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцсан Ажлын хэсэг эхний ээлжинд Хархорин сумтай холбоотой томоохон асуудлыг шийдсэн тухай таатай мэдээ дуулгалаа.

Энэ нь Хархорин суманд бие даасан эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулахаар болсон тухай мэдээ юм. Аялал жуулчлалын бүс нутаг, хүн ам олноор суурьшсан Хархорины Нэгдсэн эмнэлгийн хувьд эмч мэргэжилтэн сайтай, мэс засал, нүд, шүд, чих хамар хоолой, дурангийн гээд бүхий л төрлийн чадварлаг эмчтэй ч тоног төхөөрөмж тааруу. Тиймээс нийт өртөг нь 1.8 тэрбум төгрөгийн эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжөөр хангахаар болжээ.

Тухайлбал, суурин болон зөөврийн рентген аппарат, ходоодны дуран, чих хамар хоолой, нүд, шүдний үзлэгийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж, зарим төрлийн шаардлагатай тавилга эд хогшил нийлүүлж, эмнэлгийн засварын санхүүжилт 300 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.

Энэ бүхний үр дүнд Хархорины 13 мянган иргэнээс гадна хөрш зэргэлдээ сумдынхан, Архангайн Хашаат, Хотонтынхон гээд олон хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх боломж бүрдэж буй юм.