УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг өнөөдөр (2021.08.18) АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэг дээр ажиллан, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий тус ажлын хэсэг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газруудад ажиллаж, хэд хэдэн уулзалт зохион байгуулаад байгаа юм.
АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн удирдлага 450 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ Улсын Их Хурлын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягт уламжлав. Үүнээс гадна зүрхний шигдээсийн үед яаралтай тусламж үзүүлэх аппарат, тоног төхөөрөмжийн санхүүжилтэд шаардлагатай 1.2 тэрбум төгрөгийн асуудлыг танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.