2021.05.25

Ц.Мөнхцэцэг: Хөрөнгө оруулалтыг оновчтой хиймээр байна

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээлэл сонслоо. 

Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

"Байнгын хорооны хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл сонсож байгаа нь маш чухал юм. Та бүхний мэдээллээс харахад өчигдөрийн байдлаар 112 төслөөс 62% нь тендер зарлагдсан явж байна. Бусад нь тендер зарлагдаагүй явж байгаа нь маш том асуудал шүү. Он дамжсан маш олон бүтээн байгуулалт боловсрол, спорт, соёлын салбарт байна. Байнгын хорооноос хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг ажиллаж байгаа. Нийслэл, аймгуудад маш олон он дамжсан, 10 гаруй жил болсон бүтээн байгуулалт ч байна.

Анхнаасаа тендер шалгаруулалт болон худалдан авах ажилглагаанаас болсон уу маш их зөрчил гарч байна. Жишээлбэл, БЗД-ийн спорт ордон их том талбайд баригдаж байна. Гэтэл барилгын, биеийн тамир спортын стандарт талбайн зураг алдаатай явжээ. Ашиглалтгүй талбай ихтэй, хэт өндөр таазтай, үерийн аманд газар олгогдсон, нэмэлтээр далан байгуулна гэх мэт асуудал үүсэж байна. ЧД-т ч мөн адил газрын маргаантай талбайд зөвшөөрөл өгч, ажил эхэлсэн гэх мэт зөрчил байна. Энэ жил барилгын арматурын үнэ өссөн гэх мэт он удсан барилгуудын үрэлгэн зардал гаргаж, улсын хөрөнгө үрэн таран болж байна. Энэ асар харамсалтай. Үүнийг салбарын холбогдох байгууллагууд анхаарч ажилламаар байна.

Мөн стандартын бус биеийн тамирын байгууламж их байна. Жишээлбэл, дугуйн зам нийслэлээс хийж байна. Гэтэл гэрэл, талбайн өргөн нь стандарт хангахгүй, заалны гэрэл, агааржуулалт стандарт хангахгүй асар их зөрчил, асуудлууд байна. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран тендер зарлах, стандарт хангуулах, худалдан авалтын ажлаа хийж баймаар байна. Тэгэхгүй бол асар их хөрөнгө тэрбумаар хийсэн бүтээн байгуулалт чинь ямар ч шаардлага хангахгүй болж байна шүү."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn