"Өрсөлдөөний тухай" хуулийн төсөл бэлэн болжээ
2009.03.20

"Өрсөлдөөний тухай" хуулийн төсөл бэлэн болжээ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Д.Арвин, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Ч.Улаан, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Г.Занданшатар, нар "Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай" хуулийг шинэчлэн найруулж "Өрсөлдөөний тухай" хуулийн төсөл санаачлан боловсруулжээ.

Одоо мөрдөж байгаа Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг анх 1993 онд батлахдаа уг хуулийн нэрийн талаар ажлын хэсгийн гишүүд гурван ч хувилбар хэлэлцэж байгаад одоогийн нэрийг хамгийн оновчтой гэж үзсэн юм байна.

Гэвч манай орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн харилцаа энэхүү хуулиар илүү өргөн хүрээтэй асуудлыг зохицуулахыг шаардаж байгаа, түүнчлэн зах зээлийн харилцаа хөгжсөн бусад улс орны жишиг, хуулийн нэр нь агуулгаа бүрэн илэрхийлж байх шаардлагатай зэргийг харгалзан хуулийг шинэчлэн найруулж, Өрсөлдөөний тухай хууль гэж нэрлэх нь оновчтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.


Уг хуулийн төсөл нь зургаан бүлэг, 35 зүйлтэй агаад зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй эрхлэгчдийг давамгай байдалтай, зүй ёсны монополь байдалтай гэж ангилан авч үзэж, тус бүрт нь өөр өөр зохицуулалт хийхээр тусгасан байна.

Мөн зах зээлийн өрсөлдөөнд төрийн байгууллагын зүгээс нөлөөлөх боломжийг хязгаарлаж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хууль зөрчсөн үйлдлийг хянан шалгах ажиллагаа, ногдуулах хариуцлага, хэрэгжүүлэх зохицуулалтыг шинээр авч үзсэнээ төсөл санаачлагчид онцоллоо.

Тухайлбал, энэхүү хуулийн хэрэгжилтийг УИХ-аас байгуулагддаг, хэнээс ч хараат бусаар бие даан ажиллаж гаргасан шийдвэр, үйл ажиллагаагаа бүрэн хариуцдаг. Өрсөлдөөнийг зохицуулах хороо хянан зохицуулж байхаар тусгажээ.

Гишүүнчлэн шударга бусаар өрсөлдөөнд оролцсон, эсвэл худал мэдээлсэн, мэдээллээ нуун дарагдуулсан төрийн албан хаагч, аж ахуйн нэгжийн ажилтнуудыг урьд нь 30-60 мянган төгрөгөөр торгодог байсан бол шинэ хуулиар тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-10 цахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах, аж ахуйн нэгжийг өмнөх жилийнх нь борлуулалтын орлогын 3-10 хувиар торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг нь хураах зэргээр хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж өгөхөөр болжээ. Хуулийн төсөл нь бүхэлдээ иргэдийн амьжиргаанд нийцтэй, ач тусаа өгөх ач холбогдолтойг төсөл санаачлагчид онцолж байлаа.

Энэхүү хуулийн төсөл нь нийгэмд нэлээд хүлээгдэж байгаа асуудлыг зохицуулахад үр нөлөөтэйг УИХ-ын дарга онцлоод төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгүүлэхээ мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.