УИХ Өрсөлдөөний тухай хуулийг хэлэлцэж эхэллээ
2010.05.10

УИХ Өрсөлдөөний тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы баасан гаригын нэгдсэн Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тэргүүнтэй арван таван гишүүн санаачлан өргөн барьсан юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан бөгөөд Ж.Энхбаяр, Ж.Батсуурь нарын гишүүд эхлээд асуулт асуусан.

Тэдний асуултад Д.Ганхуяг гишүүн хариулахдаа, энэ хуулийг нэлээд олон гишүүн санаачилсан, 14-15 гишүүн бий гээд орон нутагт байгаа мэргэжлийн холбогдох байгууллагын хүчийг авахаар хуульд тусгасан. Түүнчлэн өмнөх хуульд тусгагдсан шаардлагагүй зүйл, заалтыг хасахад болохгүй зүйлгүй гэв. Мөн зүй ёсны монопольт гэдэг нь төрийн өмчийн цахилгаан сүлжээний удирдах газар ч юм уу тийм байгууллагыг хэлж байгаа юм. Харин давамгай байдалтай гэдэг нь бүтээгдэхүүнээ гуравны нэг эсвэл хоёрны нэгээр нийлүүлж байгааг хэлж байгаа юм гэлээ.

Харин Ж.Батсуурь гишүүн орон нутагт эрхийг өгнө гэдгийг тэдгээр байгууллагын удирдлагууд юу гэж үзэж байгаа бол хэмээхэд, Д.Ганхуяг гишүүн орон нутагт байцаагч одоо ажиллаж байгаа, цаашид ч ажиллана гэсэн.

Н.Ганбямба гишүүн ярихдаа, Үндсэн хуулийн гол зарчмыг бид барьж байгаа, буруу явсан гольдрилыг зөв рүү нь залахыг хичээж байна. Хүн амын ихэнхи нь дундаж амьдралтай болохыг бид зорьсон болохоос нэг хэсэг нь хэтэрхий олигархи болох зах зээл рүү яваагүй. Эдэнэтэд хорин хэдэн саяын бизнес шахдаг гэх хоёр, гуравхан компани ч олигополь зах зээлийн тоонд орж байна. Манайд ер нь бүх төрлийн юм юм руу орсон, цөөхөн хэдэн бүлэглэл хэтэрхий баяжсан гэсэн судалгаа байж л байна. Шахааны бизнесийг шахах хэрэгтэй байна. Үгсэн хуйвалдаж, үнээ нэмдэг талаар энэ хуульд олигтой дуугараагүй байна, сахарын үнэ яагаад нэмэгддэг вэ гэдгийг бодоод үз л дээ гэв.

Үүнд Д.Ганхуяг гишүүн хариулахдаа, ноёлох ажиллагааг энд хориглосон байгаа, хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглох гэхчлэн зохих заалтууд бий гэлээ. Гэхдээ тэрээр Н.Ганбямба гишүүний саналтай нэг байна гэж байв. Хамгийн гол нь ноёлох, хуйвалддаг үйл ажиллагааг энэ хуулийн төсөлд хориглон оруулж өгсөн гэж байв. Зах зээлд байнгын хяналт тавих, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, хяналтыг Засгийн газарт гаргаж өгсөн. Хууль бусаар олсон орлогыг яах вэ гэдгийг ч тусгасан тухайгаа тэр хэллээ.

Энэ үеэр Н.Ганбямба гишүүн дахин тодруулав. Тэрээр Америк, Солонгосын жишээг дурдаад зайлшгүй зохицуулалт орох ёстой олигополь бүтцийг задлах хоёр, гуравхан компанийн холбогдолтой заалтыг яагаад оруулж өгөөгүй вэ гэж байв. УИХ-ын гишүүн Ж.Буд 8-ийн 1 дэх заалтыг ярилаа. Тэрээр Монгол харьцангуй жижиг зах зээлтэй тул үүнийг анхаарах, Улаанбаатарын зах зээл дээр махны үнэ болохоо байлаа, энэ нь ард иргэдийг туйлын хүнд байдалд оруулж байна. Өнөөдөр үхрийн мах кг нь 7000 төгрөг хүрлээ, өнгөрсөн жилийн нөөц хаачив, яагаад үхрийн мах нөөцөлдөггүй юм бэ. Энийг зохицуулахад шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газар юу хийж байна вэ. Хариулт авъя гэлээ. Харин УИХ-ын дарга энэ үеэр, махны үнэ өсөөд байгааг нэг сайн тайлбарлаад өг дөө гэж байсан. Уг асуултад холбогдох албаны хүмүүс хариулахдаа, хамрах хүрээний хувьд шинэ хуулиар энэ байдлыг зохицуулж чадна гэв.

Тэгвэл үзэл баримтлалын хувьд ямар байгааг Спикер дахин асуухад Д.Балдан-Очир гишүүн хариулахдаа, хуульд зохих ойлголтыг тусгаж хэрэгжүүлнэ гэснээ, ихээхэн үгүйлэгдээд буй хоосон орон зай буюу худалдааны зах зээлийг өөрчлөнө, дам худалдааг хаах, нийгмийн өргөн хүрээг хамардаг худалдааны үйл ажиллагааг зөв зүйтэй зохицуулах боломжтой энэ эрх зүйн зохицуулалтыг яаралтай, ойрын үед хийж байж тал талаасаа ажиллаж байж л бүтэн эрх зүйн үндэслэл үүснэ гэлээ.

Харин Ө.Энхтүвшин гишүүн, монополийн эсрэг шударга өрсөлдөөнийг хангуулах, мөн хэрэглэгчийн төлөө ажиллах гээд хоёр тийшээ ажиллах зүйл орж ирж байна л даа. Гэтэл ноднин хэрэглэгчийн байгууллагыг бие даалгая гэсэн чинь эднийхтэй нийлүүлсэн, одоо энэ нь амьдралд нийцэж байна уу. Мөн сонины мэдээллийн мөрөөр шалгадаг гэж байна, гэтэл сонин дээр үнэн худал нь мэдэгдэхгүй баттай бус юм их гардаг, гэтэл үүний мөрөөр ажиллаад байгаа нь хэр оновчтой вэ. Мөн телевиз нээхэд л нэг хэдэн хүн сонгууль ойртохоор өдөр шөнөгүй яриад сууж байдаг. Энэ монополь байдалд хүргэх вий. Одоо мөрдөж байгаа хуулинд нийцүүлэх үү эсвэл хүчингүй болгох тул эдгээрийг хэрэггүй гэж байна уу? хэмээн асуусан.

Д.Ганхуяг гишүүн асуултад хариулахдаа, зээлийн баталгаа гаргана гэсэн заалт байхгүй, төрийн албан хаагчтай холбоотой хангамжийн талаар ч мөн адил гэв. Тэгснээ тэрээр “21-ийн 1-ийн 3” хэмээн хуулийн төслөө харснаа, энэ заалтыг хэлэлцүүлгийн үед эргэн харъя, хууль санаачлагчийн хувьд анхаарья гэж байв. Түүнчлэн сонины нийтлэлийн мөрөөр гэдгийн тухайд, тэр заалтын бүх хянах шалгах эрх нь улсын байцаагчаар дамжин хэрэгжиж байгаа, түүний шалгалт бодитой эсэхийг төрийн байгууллагын зүгээс хянана. Аль болох хамтын удирдлагаар ил тод шийдэгдэнэ. Иймд буруу шийдвэр, хэлмэгдүүлэлт талаасаа их бага байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь нэгдүгээрт, зохиомлоор үнийг хөөргөх болон бараа, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн асуудал хоёрдугаарт орж байгаа. Энэ нь тус тусын хуулиар зохицуулагдсан. Тэр сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудал, нийгмийн сонирхлын бүлгүүдийн сурталчилгаа зэрэг нь өрсөлдөөний тухай хуультай яаж очиж хамаарахыг бол сайн ойлгохгүй байна гэлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан хийсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийн дараа УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Энхбат, Н.Ганбямба нар асуулт асууж, саналаа хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай, үүсгэж байгаа аливаа монополийг халах хэрэгтэй, залуу үеийнхэнд ямар ч боломж алга, оройтоогүй дээр нь засч залж авах хэрэгтэй байна. Засгийн газрыг бид шахаж ажиллуулах нь зөв гэлээ. Түүний асуултад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хариулсан. Тэрээр, таны энд яригдсан зүйлийн талаар хууль санаачлан өргөн барих эрх гишүүнд нээлттэй гэв. Гэтэл Гүндалай гишүүн, энэ зөвшөөрөл, лицензийн талаар уг нь яриад байна, түүнийг одоо өгөхгүй хаасан байгаа гэнэ. Лицензийг Дондог, Дулмаа авна уу, яана өг л дөө, тэр хөдөөгийн ард иргэдийг оруулаад хурлаа хий л дээ гэхэд Ц.Баярсайхан гишүүн, тусгай зөвшөөрлийг Байнгын хороо өгдөггүй гэж байлаа.

Үүний дараа Ж.Энхбаяр гишүүн санал тавьсан. Тэрээр Монголд банк, эдийн засаг хангалтгүй байгаа энэ үед аливаа зүйл хяналтгүй орж ирвэл байдал хэцүүднэ хэмээсэн. Энэ бол, ер нь хоёр нам нийлээд зөвшилцөл гаргаад шийдэх асуудал шүү, суурь хууль. Тэгэхээр энд хөнгөн гоомой хандаж болохгүй, өрсөлдөөний хуулийг зөв гаргахгүй бол дараа нь амаа барих болно гэсэн.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэх гишүүд нэлээд байгаа харагдсан. Тухайлбал, Л.Гүндалай гишүүн улс үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц зүйлүүд гараад байна. Жишээ нь, Кока кола компани гарч ирээд Монголын ундаа үйлдвэрлэгчдийг бут цохисон, дотоодод нь ийм зүйл хийгээд явахаар манай эдийн засагт яаж нөлөөлдөг вэ, бид ямар Герман биш гэж байв. Гаднын компанийг ингээд монополь байдлаар байлгаад байх уу, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийг мартаж болох уу хэмээн тэрээр ярив.

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураалт явуулахад нийт гишүүдийн 70,2 хувь нь дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.